Зураач Өлзийноровын Гандуламын “Hidden Flowers” (Нуугдсан цэцэгс) нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэн ХААН галерейд урлаг сонирхогчдын хүртээл болж байна. Дүрслэх урлагийн академийн уран зургийн ахлах багш тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд бүтээсэн, өнгө болон сэтгэлзүйд төвлөрсөн 20 гаруй бүтээлээ толилуулжээ.
Ө.Гандуламын бүтээлүүд бодит дүрслэлээс илүү өнгө, хэмнэл, орон зайн мэдрэмжээр дамжуулан хүний дотоод сэтгэл, бодлын хөдөлгөөнийг илэрхийлдгээрээ онцлогтой. Байгалийн гэрэл, өнгөний уур амьсгалыг мэдрүүлэх импрессионист хандлага, сэтгэл хөдлөл давамгайлсан экспрессионист илэрхийллийн шинж мөн ажиглагддаг. Зураач байгаль дахь өнгө, гэрэл сүүдэр, улирлын өөрчлөлтөөс уран бүтээлийнхээ санааг авч, түүнийг өнгөний ялгарал, зохиомжийн уян хэмнэлээр бүтээлдээ илэрхийлжээ. Иймээс Ө.Гандуламын бүтээлүүд тухайн агшны мэдрэмж, уур амьсгалыг харуулж, үзэгч бүр өөрийн төсөөлөл, сэтгэгдлээр хүлээн авах боломжийг бүрдүүлдэг.





