Монголын найруулагч Ч.Хоролдоржийн анхны бүрэн хэмжээний баримтат кино болох “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) бүтээлийг олон улсын зах зээлд түгээх эрхийг Лондон хотод төвтэй “MetFilm Sales” компани албан ёсоор авснаа мэдэгджээ.
Уг кино ирэх сард болох “Tribeca” олон улсын кино наадмын баримтат киноны үндсэн уралдаант хэсэгт шалгарсан бөгөөд энэ үеэр үзэгчдийн хүртээл болох юм.

“Minegolia” хэмээн нэрлэгдэх болсон Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн нөлөөнд автсан говь нутгийг уг баримтат кинонд харуулжээ. Киноны гол үйл явдалд нүүрс тээврийн аюултай замаар хүнд даацын автомашин жолоодож яваа цөөхөн эмэгтэй жолооч нарын нэг болох Майхүүгийн амьдралыг өгүүлдэг.
Найруулагч энэхүү кинондоо Майхүүгийн туулж буй амьдралаар дамжуулан Монголын уул уурхайн салбараас байгаль орчинд төдийгүй хүн бүрд үзүүлж буй нөлөөллийг хөндөхийг зорьсон байна.
“MetFilm Sales” компанийн төлөөлөгч Зак Бриллиант уг киног “Маш хатуу ширүүн орчин дахь ер бусын гоо үзэсгэлэнг харуулсан бүтээл” хэмээн тодорхойлоод, дэлхийн байгалийн нөөц баялгийг ашигласны хариуд хүн төрөлхтний төлж буй төлөөсийг бодитоор харуулсан хэмээн онцолжээ.

“Цагаан хадны өнгө” нь Хоролдоржийн найруулсан анхны бүрэн хэмжээний баримтат кино бөгөөд тэрбээр өмнө нь 2023 онд “Говийн хатагтай” (Lady of the Gobi) богино хэмжээний киногоороо Британийн баримтат киноны “Grierson Award”-ын шилдэг богино хэмжээний киноны төрөлд шагнал хүртэж байсан юм.
Баримтат киноны продюсероор “Petite Maison Production”-ы Тесса Луиз-Саломе, Люк Соррель нар ажилласан бол Ч.Хоролдорж “iCity Films” компанид хамтран продюсерлажээ.
Уг төслийг “Sundance” институтийн Баримтат киноны хөтөлбөр, Азийн кино сан (Asian Cinema Fund) болон Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл зэрэг олон улсын байгууллага, сангууд дэмжиж ажилласан байна.

