Японы дуу оруулагч Цүда Кэнжиро дуу хоолойг нь зөвшөөрөлгүйгээр дуурайлган ашигласан AI бичлэгүүдийг устгуулах зорилгоор “TikTok” аппын операторын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Токиогийн дүүргийн шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар, 2024 оны долдугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд түүний дуу хоолойг дуурайлгасан дор хаяж 188 видео “TikTok” дахь нэгэн хаягт байршсан байв. Цүдагийн зүгээс AI-аар үүсгэсэн уг дуу хоолой нь өөрийнх нь жинхэнэ хоолойтой андуурагдаж болзошгүй гэж мэдэгдэж байна. Мөн энэ нь түүний “сурталчилгааны эрх” буюу өөрийн нэр төрх, дуу хоолой зэрэг хувийн онцлогийг арилжааны зорилгоор хамгаалах эрхийг нь зөрчиж байна гэж мэдэгджээ.
Харин операторын тал “ердийн эрэгтэй хүний хоолой” ашигласан бөгөөд бичлэг нийтэлсэн этгээд тухайн апп дээр “найзынхаа дуу хоолойг AI-аар үүсгэсэн” гэдгийг тодорхой бичсэн байсан гэж тайлбарлажээ. Мөн уг дуу хоолойг Цүдагийнхтай андуурах боломжгүй тул сурталчилгааны эрхийг нь зөрчөөгүй гэж үзэж байгаа аж.
Энэ оны дөрөвдүгээр сард Японы Хууль зүйн яам AI-аар үүсгэсэн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглах явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь ямар төрлийн тохиолдлуудыг эрх зөрчсөн гэж үзэн иргэний хариуцлага хүлээлгэх боломжтой талаар хэлэлцэж байгаа юм.

