“Netflix”-ийн “Top Boy” цувралаар алдаршсан, BAFTA шагналт жүжигчин Майкл (Micheal) Уордыг Лондон хотын шүүхээс түүнд тулгасан бэлгийн хүчирхийллийн бүх хэрэгт буруугүй гэж үзэн цагаатгалаа.
28 настай Майкл Уорд 2023 оны нэгдүгээр сард шинэ жилийн үдэшлэгийн дараа танилцсан эмэгтэйгээ найзынхаа автомашинд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдож, шалгуулж байсан юм. Түүнд хоёр удаагийн хүчингийн хэрэг, хоёр удаагийн бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн хэрэг, нэг удаагийн бэлгийн халдлагын хэрэг зэрэг нийт таван зүйл ангиар ял төлөвлөсөн байв.
Шүүх хурал 10 хоног үргэлжилсний эцэст тангарагтны шүүх бүх зүйл ангиар түүнийг буруугүй гэж дүгнэжээ. Майкл Уорд хэрэг мөрдөн шалгах болон шүүхийн бүх шатанд өөрийгөө буруугүй гэж мэдүүлж, тухайн эмэгтэйтэй болсон бэлгийн харилцаа нь хоёр талын зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгдэж байсан юм. Харин хохирогч гэх эмэгтэй өөрийн зөвшөөрөлгүйгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед айж балмагдсанаасаа болж болсон явдлыг шууд мэдээлээгүй гэж шүүхэд ярьжээ.
Шүүхийн шийдвэр сонссоны дараа Майкл Уорд сэтгэл нь хөдөлж нулимс унагасан байна. Тэрбээр шүүхийн тангарагтнуудад, өмгөөлөгчид, гэр бүл болон өөрийг нь дэмжсэн хүмүүст талархал илэрхийлээд, мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дуу хоолойг сонсох нь чухал хэвээр гэдгийг онцолжээ.

