Жүжигчин Жеймс Франко сүүлийн үед TikTok хуудсандаа нууцлаг, дараалсан бичлэгүүд нийтэлж, өөрийн гэрийн ойролцоо харь гаригийн амьтан харсан хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн TikTok хэрэглэж эхэлсэн бөгөөд богино хугацаанд бараг нэг сая дагагчтай болжээ.
Жеймс Франко TikTok-тоо нийтэлсэн бичлэгүүддээ “Би жүжиглээгүй. Би үнэхээр ямар нэг зүйл харсан” хэмээн онцолжээ. Мөн долдугаар сарын 13-нд нотлох баримтаа нийтэлнэ гэж амласан байна.
Амласан өдрөө тэрбээр хамгаалалтын камерын хар цагаан бичлэгийг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт модны дэргэд зогсож, хаалга онгойлгон, цонхоор шагайж буй харь гаригийнхтай төстэй царайтай дүрс харагдсан байна. Жеймс Франко “Үүнийг нууцалж чадахгүй. Намайг энэ мэдээллийг түгээхээс зогсоохыг оролдож байна” гэж хэлээд, удахгүй илүү олон бичлэг нийтлэхээ амласан байна.
Энэхүү бичлэг цахим орчинд маргаан дагуулж буй бөгөөд зарим хэрэглэгч түүний ярианд итгэж байгаа бол олонх нь энэ нь шинэ кино эсвэл өөр уран бүтээлийн сурталчилгааны арга байж магадгүй гэж үзсэн байна. Зарим нь бүр түүний сэтгэлзүйн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь бүхнийг жүжиг эсвэл маркетингийн кампанит ажил гэж таамаглажээ.
“People” сэтгүүл мөн Жеймс Франко сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлаас хол байсан бөгөөд 2018 онд бэлгийн зохисгүй үйлдэлтэй холбоотой маргаанд өртөж, уг хэрэг 2021 онд эвлэрлээр шийдэгдсэнийг дурдсан байна. Одоо тэрбээр хэд хэдэн шинэ кино төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь дээрх бичлэгүүд сурталчилгааны нэг хэсэг байж магадгүй гэсэн хардлагыг улам нэмэгдүүлж байгаа юм.

