Өмнөд Солонгосын дуучин, продюсер, “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дахь чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвныг цогцлоох гол үндэс гэдгийг онцоллоо. Тэрбээр энэхүү чуулганы хүндэт элчийн хувиар Бусан хотод болсон арга хэмжээнд оролцсон юм.
G-Dragon хэлэхдээ, “Өв соёлыг хамгаална гэдэг нь өнгөрсөн үеийг хадгалах төдий биш, харин ирээдүй үеийнхэнд энх тайван, эв нэгдлийг өвлүүлэн үлдээх үйл хэрэг юм” гэжээ.
Тэрбээр дэлхийн соёлын өв нь зөвхөн нэг улсын өмч биш, харин бүх хүн төрөлхтний хамтын өв болохыг онцолж, түүнийг хамтдаа хамгаалснаар улс орнууд харилцан ойлголцож, илүү тайван ирээдүйг бүтээх боломжтой гэсэн байна.
Мөн G-Dragon өөрийн байгуулсан “JustPeace Foundation” болон ЮНЕСКО-тай хамтран “Heritage in Peace” (Энхийн төлөөх өв) нэртэй аяныг эхлүүлснээ танилцуулсан байна. Энэхүү санаачилга нь дэлхийн соёлын өвийг хамгаалах ач холбогдлыг олон нийтэд сурталчилж, соёлын өвөөр дамжуулан энх тайвны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ жилийн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дахь чуулган нь Бусан хотод болж байгаа бөгөөд БНСУ анх удаа уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Чуулганд дэлхийн 196 орны төлөөлөгчид оролцож, дэлхийн өвийн хамгаалалт, бүртгэл болон хадгалалтын асуудлыг хэлэлцэж байна.

