Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын үйл ажиллагаа энэ сарын 16-20-нд зохион байгуулна.
Тус үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах өв соёл, утга зохиолын аяллын маршрут гарчээ. Уг аяллаар оролцогчид Улаанбаатар хотоос эхлэн Их зохиолчийн амьдрал, уран бүтээлтэй холбоотой түүхэн дурсгалт газруудаар аялах юм.
Аялал Улаанбаатар хот-Цонжин Болдог цогцолбор-Төв аймгийн Баяндэлгэр сум дахь Д.Нацагдоржийн төрсөн гэрийн буурь-Багануур дүүргийн Д.Нацагдоржийн нэрэмжит Номын сан, Соёлын төв, Их зохиолчийн хөшөө-Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуур-Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум дахь Хэрлэний Хөдөө арал гэсэн маршрутаар үргэлжилнэ.
Энэхүү аяллын үеэр дотоод, гадаадын оролцогчид, хүндэт зочид Их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийн өвтэй танилцахын зэрэгцээ Монголын түүх, соёл, байгалийн өвөрмөц дурсгалт газруудаар аялж, үндэсний өв соёл, утга зохиолын үнэ цэнийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд нэгдэх юм.
“Эх нутаг” олон улсын үйл ажиллагаа нь Монголын утга зохиол, соёлын өвийг дэлхийн уншигч, судлаачдад таниулах, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж.


