Дэлхийн зохиолчдын байгууллага (WOW) Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ.
Энэхүү дурсгалын медалийг үндэстэн хоорондын утга зохиолын харилцааг хөхиүлэн дэмжих, сонгодог зохиолчдын уран бүтээлийн өвийг олон улсын түвшинд сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч, судлаач, нийгмийн зүтгэлтнүүдэд гардуулах ажээ.
Дэлхийн зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Аль энэ тухай “Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээлийн өв, үзэл санаанд тулгуурлан Дэлхийн Зохиолчдын байгууллага (WOW) болон орчин үеийн зохиолч, уран бүтээлчдийн хамтын нийгэмлэг нь яруу найргийн үг хэлний хувирган өөрчлөх хүчийг хадгалж, улс төр, газарзүйн аливаа хил хязгаарыг даван туулах тогтвортой хүмүүнлэгийн үнэт зүйлсийн тогтолцоог бүрдүүлж байна. Түүнчлэн Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос Монгол Улсад зохион байгуулж байгаа “Эх нутаг” олон улсын арга хэмжээ нь Д.Нацагдоржийн уран бүтээлийн өвийг дэлхийн тавцанд сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын арвин баялаг утга зохиолыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болох юм. Дэлхийн монгол туургатныг эх нутаг, утга зохиолын үнэт зүйлээр нь холбон нэгтгэж буй энэхүү форумд та бүхнийг хамтран ажиллаж түншээр оролцохыг мөн хүрэлцэн ирж, нэгдэхийг урьж байна. Монголын ариун дагшин нутагт уулзацгаая!” хэмээжээ.

