Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын ойролцоо орших 36 ханатай монгол гэр нь 28.81 метрийн диаметртэй, 2018 онд гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн том монгол гэр хэмээн бүртгэгджээ.
Гэрийн өндөр 14 метр, 11.4 метрийн урт уньтай, 1000 м² талбайтай бөгөөд нэг дор 500 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай юм. Эл бүтээлийг “Сэлэнгэ” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногийн дотор барьж босгосон байна.
Нийт 1800 метр эсгийгээр бүрсэн гэр нь уламжлалт монгол гэрийн хийцийг хадгалж, дөрвөн баганатай баригдсан нь инженерийн өвөрмөц шийдэл аж. Гэрийг өвөрмонголчуудын хөрөнгө оруулалтаар барьжээ. Хил орчмын аялал жуулчлалын хүрээнд говьд зочилж буй жуулчдыг хүлээн авч байрлуулах, баярын хүлээн авалт хийх зэргээр ашиглах юм. Ханги боомт нь Сайншандаас 280 орчим км зайтай.
Ханги руу Зүүнбаянгийн төмөр зам чиглэлийн дагуу очдог бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт Ханги чиглэсэн авто зам ашиглалтад ороод байгаа юм.Гэрийн ойролцоо говийн баян бүрд болсон нуур тойром, улиас хайлаас бүхий төгөл бий. Төмөр зам, авто замын ойролцоо энэхүү гэрийг барьснаар цаашдаа говьд аялал жуулчлалыг татах боломжийг бий болгоно хэмээн хөрөнгө оруулагчид тооцжээ.

