Найруулагч Э.Ган-Очир, “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино 2026 оны эхээр нээлтээ хийж, БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр шалгаран, БНСУ-ын үзэгчдэд хүрсэн билээ.
Дөрөвдүгээр сард Болгар Улсын Софи хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival”-аас “Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон” -ы учир “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) бүтээлд “Алтан Мазаалай” (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон юм.
Мөн Бангкокийн Кино шүүмжлэгчдийн мэргэжлийн зөвлөлийн шилдэг найруулагч төрөлд шалгарчээ. Түүнчлэн “Их говийн манаач” баримтат кино Их Британийн “MegaFlix Movie Awards” болон АНУ-ын “Angeles Documentary Film Festival” кино наадмын “Official Selection” буюу албан ёсны шалгаруулалтад оролцохоор тэнцээд байна.
Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (COP17) зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд олон улсын цэнхэр бүсэд Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх сэдвээрх үндсэн үйл ажиллагааны хүрээнд “Их говийн манаач” баримтат кино танилцуулагдах юм.
Найруулагч Э.Ган-Очир, “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нар COP17 олон улсын арга хэмжээний үеэр мазаалайн дараах “Хавтгай” баримтат кино төслөө танилцуулах бөгөөд уг бүтээлээрээ зэрлэг тэмээний үржил, генфондод тулгараад буй эрсдлийг хөндөн үзүүлэх юм.

