Монголын уран зургийн галерей нь жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.
2026 оны “Байнгын үзэсгэлэн”-гээр нийт зургаан үзэсгэлэнгийн танхимд зургаан сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн хүргэж, та бүхэнд цувралаар танилцуулж байна.
Үндэсний соёлын түүхэн ой санамж, уран сэтгэмж, гоо зүйн дахин давташгүй өв болсон “Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд” үзэсгэлэнг үзэгч та бүхэнд толилуулж байна. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн Монголын дүрслэх урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг эдгээр бүтээлүүд нь Засгийн газрын 2013 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн юм.
XX зууны нэрт зураачид болох Б.Шарав, Ү.Ядамсүрэн, А.Сэнгэцохио, Ц.Даваахүү зэрэг уран бүтээлчдийн үндэсний уламжлалыг хадгалсан бүтээлээс эхлэн Г.Одон, Н.Цүлтэм, Д.Амгалан, О.Цэвэгжав нарын реалист уран зургийн төлөөлөл, Б.Чогсомын модернист чиг хандлагатай бүтээл хүртэлх энэхүү цуглуулга нь Монголын дүрслэх урлагийн уран сайхны хэл, арга барил хэрхэн баяжин хөгжсөнийг цогцоор нь харуулна.
1950–1960-аад онд Монгол уран бүтээлчид ЗХУ болон Европын орнуудад мэргэжлийн боловсрол эзэмшиж, тосон будгийн арга техник, академик сургалтын зарчмыг уран бүтээлдээ нэвтрүүлэн, нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, аж байдал, хүний дүр төрхийг шинэ уран сайхны арга барилаар дүрслэх болсон нь Монголын дүрслэх урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тиймээс төр, нийгмийн зүгээс тэдний хөдөлмөр, уран бүтээлийн гавьяаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зэрэг эрхэм цол, төрийн шагналаар алдаршуулсан.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь Монголчуудын түүх, соёлын үнэт өвийг дүрслэх урлагаар мөнхөлж, хойч үед өвлүүлэн үлдээж буй уран сайхны чухал баримт билээ.


