ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Улсын драмын эрдмийн театр МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр оролцоно.
ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ. Энэ бол Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн “Александринский” театр юм. 270 жилийн түүхтэй энэхүү театрын тайзнаа ирэх сарын 4, 5-нд “Тэнгэрийн хүү” жүжгийг амилуулна. Өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод болсон MITEM (Madach International Theatre Meeting) фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээсний дараа “Александринский” театрын ерөнхий захирал Александр Малич УДЭТ-ын хамт олонд албан ёсоор урилга ирүүлсэн байна.
Александринскийн театрын урилгад “Тэнгэрийн хүү жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчид болон зочдод онцгой үйл явдал болохоос гадна бидний цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна” гэж онцолжээ.
Их Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюйн түүхэн дүр, түүний амьдрал, үйл хэрэг, төрт улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлсэн түүхэн замналыг өгүүлсэн тус бүтээл нь Монголын түүх, төрт ёсны уламжлал, үндэсний оюун санааг тайзны урлагийн хэлээр илэрхийлснээрээ онцлогтой. Монголын түүх, соёлын өвийг олон улсын үзэгчдэд хүргэх, үндэсний театрын уран бүтээлийг дэлхийн мэргэжлийн урлагийн хүрээнд таниулах зорилтын хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийн орос хэл дээрх уран зохиолын орчуулгыг хэл шинжлэлийн доктор, дэд профессор Д.Цэцэгдэлгэр хийж, Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн, нэрт дуун хөрвүүлэгч О.Чинзориг редактороор ажилласан байна.

