Гавьяат жүжигчин У.Уранчимэг УДЭТ-ын уран бүтээл, МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Улсын драмын эрдмийн театр “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох гэж буй. Эл жүжигт Гавьяат жүжигчин У.Уранчимэг олон жилийн өмнө бүтээж байсан дүрдээ эргэн тоглох аж.
Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн тухайд, УДЭТ-ын хаалгыг хааснаасаа хойш “Хувьсал” продакшнаа толгойлон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Ноён эмэгтэй”, “Хувь заяа”, “Аминч” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” киноны дүрээр үзэгчидтэй дэлгэцээр уулзсан юм.
Харин тайзны уран бүтээлийн хувьд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээр эх орондоо 171 удаа монгол хэл дээр, есөн удаа англи хэл дээр, Английн Лондон хотноо “Вэст Энд Колизиум” театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапурын “Марина Бэй Сандс” театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, хоёр удаа англи хэл дээр, нийт 207 удаа “амьдраад”, “Монгол хаан” театртай үлгэржлүүлэх аяллаа өндөрлүүлсэн.

