“SHINee” хамтлагийн гишүүн, к-попын од Тэмин “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа карьерынхаа турш олон нийтийн хүлээлт, шүүмжлэлтэй нүүр тулж ирсэн ч өнөөдөр бусдын хүсэлд нийцүүлэхээс илүүтэйгээр өөрийнхөөрөө байхыг хүсдэг болсон тухайгаа ярьсан байна.
Тэмин “Хүмүүс надаас тодорхой зүйл хүлээдэг. Гэхдээ тэр нь заримдаа жинхэнэ би биш байдаг. Хүмүүс надад урьдынх шигээ их хайр өгөхгүй байсан ч би үүнээс айхаа больсон” хэмээн онцолжээ.
Тэрбээр 14 настайдаа “SHINee” хамтлагийн хамгийн залуу гишүүнээр урлагийн гараагаа эхлүүлсэн бөгөөд бага наснаасаа эхлэн тайз, хөгжмийн ертөнцөд амьдралаа зориулсаар ирсэн юм. Энэ талаараа тэрбээр эрт алдартай болсноор бусад хүүхдүүдийн туулдаг байсан зарим энгийн амьдралыг мэдрэх боломжгүй өнгөрсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч энэ бүхэндээ харамсдаггүй аж. Тэрбээр “Хэрэв надаас харамсдаг уу гэж асуувал үгүй гэж хэлнэ. Би маш их талархдаг. Алдсан зүйлээсээ илүү их зүйлийг олж авсан гэж боддог” гэжээ.

