“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болгосон.
Тэгвэл тус театрын уран бүтээлчид намар цагийн тоглолтоо ОХУ-аас эхлүүлж байна. Тодруулбал, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод “Түүний буруу” жүжгээ толилуулах гэж байна. Жүжгийг есдүгээр сарын 16, 17-нд “Ульгэр” театрт тоглоно.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.
Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх–хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.



