Монгол Улс хүүхдийн төлөө ярьсаар ирсэн. Хүүхэд бол бидний ирээдүй, хүүхдийн боловсрол чухал, хөгжил чухал, сэтгэл зүй чухал, соёлын боловсрол чухал. Гэхдээ энэ бүх сайхан үг бодит амьдрал дээр хаана байна вэ?
1948 онд байгуулагдсан Монголын хүүхэлдэйн театр 77 жилийн түүхтэй. Олон үеийн хүүхдэд театрын урлагийг хүргэж ирсэн энэ байгууллага өнөөдөр ч орчин үеийн шаардлага хангасан өөрийн гэсэн шинэ орон зайтай болохын төлөө ярьсаар л байна.
Яагаад хүүхэлдэйн театрын барилга барих асуудал дандаа хойшилдог вэ?
Зам барина. Барилга барина. Ордон барина. Оффис барина. Харин хүүхдийн театр гэхээр “мөнгө байхгүй”.
Үнэхээр мөнгө байхгүй юм уу, эсвэл хүүхдийн соёлд зарцуулах мөнгө хамгийн сүүлд байдаг юм уу?
Шинэ хүүхэлдэйн театр, хүүхдийн төв номын сангийн цогцолборын зураг төсөл батлагдаад, хүүхдийн төлөө санд ард иргэдээс хандив босгоод олон жил өнгөрч байна. Тэгвэл өнөөдөр тэр мөнгө хаана байна? Хэд үлдсэн бэ? Юунд зарцуулагдсан бэ? Үүнийг иргэд мэдэх эрхтэй.
Жил бүр “дараа жил”, “дараагийн төсөв”, “дараагийн төлөвлөгөө” гээд хойшлуулаад байж болохгүй.
Театр бол тансаг хэрэглээ биш
Хүүхэд театрт очоод зүгээр нэг жүжиг үзээд гардаггүй. Төсөөлж сурдаг. Хайрлаж сурдаг. Сонсож сурдаг. Бусдыг ойлгож сурдаг. Хүн байж сурдаг. Гоо сайхны мэдрэмжтэй болдог. Өөр ертөнцийг төсөөлж сурдаг.
Нэг сайн жүжиг хүүхдийн дотор насан турш үлдэж чадна.
Тиймээс хүүхдийн театрт оруулж байгаа хөрөнгө бол зүгээр нэг барилгын зардал биш. Энэ бол хүүхдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт.
Бид хүүхдэд “Унш” гэдэг ч номын сангийн орчин хангалтгүй. “Урлагаар хичээллэ” гэдэг ч театрын орчин хангалтгүй. “Бүтээлч бай” гэдэг ч бүтээлч байдлыг нь хөгжүүлэх орон зайд хөрөнгө оруулахаас эргэлздэг. Тэгээд хүүхдээс ирээдүй нэхдэг.
Төр засагт хэлэхэд…
Хүүхэлдэйн театр бол хэдэн уран бүтээлчийн эрх ашиг биш. Энэ бол хүүхдийн соёлын эрх. Бид зүгээр нэг гоё барилга гуйгаагүй. Хүүхдүүддээ “чиний мөрөөдөл үнэ цэнтэй”, “чамд зориулсан театр бий” гэдгийг мэдрүүлэх орон зай хүсэж байна. Тиймээс хүүхэлдэйн театраа барь. Харин төсвөө ил тод болго. Тендерээ ил тод болго. Зураг төслөө олон нийтэд үзүүл. Гүйцэтгэл, чанарт нь хяналт тавь. Хүүхдэд зориулсан мөнгөнөөс нэг төгрөгийг ч үр ашиггүй бүү үр. Харин хүүхдийн ирээдүйд хийх хөрөнгө оруулалтаас бүү хэмнэ.
Хүүхдийн театрыг хойшлуулж болно. Харин хүүхдийн хүүхэд насыг хойшлуулж болдоггүй.
Театр бол зүгээр нэг барилга биш. Театр бол хүүхдийн дотор баригддаг ертөнц.

