“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны намар Европын томоохон театруудын тайзнаа дуулж, дэлхийн сонгодог дуурийн алдарт бүтээлүүдэд гол дүр бүтээхээр болжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан энэ намрын Европ дахь тоглолтын хуваариа танилцуулж, уран бүтээлийг нь дэмжиж, тоглолтыг нь үзэхээр олон улсын театруудын гадна хүлээн авдаг Монголын үзэгч, элэг нэгтнүүддээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Г.Ариунбаатарын Европ дахь тоглолтын хуваарь Италийн Парма хотоос эхэлнэ. Тэрбээр Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набукког бүтээж, “Teatro Regio di Parma”-гийн тайзнаа аравдугаар сарын 3, 11, 18, 24-нд тоглоно.
Үүний дараа тэрбээр Турин хотын “Teatro Regio” театрт П.Масканьигийн “Cavalleria Rusticana”, Р.Леонкаваллогийн “Pagliacci” зэрэг бүтээлд тоглоно. Театрын мэдээллээр Г.Ариунбаатар “Cavalleria Rusticana” дуурийн Альфиогийн дүрийг бүтээхээр болжээ.
Арваннэгдүгээр сард щ Италийн Кальяри хотын “Teatro Lirico di Cagliari” театрын тайзнаа Ж.Вердийн “Rigoletto” дуурийн гол дүр Риголеттог бүтээнэ. Албан ёсны хөтөлбөрт Г.Ариунбаатарыг 11, 13, 15, 19-ний тоглолтуудад Риголеттогийн дүрд дуулахаар дурджээ.
Харин оны төгсгөлд тэрбээр Берлин хотын “Staatsoper Unter den Linden” театрт дахин Ж.Вердийн “Nabucco” дуурийн гол дүрд тоглоно. Театрын албан ёсны мэдээллээр Г.Ариунбаатар Набуккогийн дүрд арванхоёрдугаар сарын 20, 22-нд дуулна.
Ийнхүү Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад Ж.Верди болон бусад сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээр Монголын уран бүтээлчийн нэрийг дэлхийн тайзнаа үргэлжлүүлэн дуурсгах юм.

