Дакота Мэйи Жонсон 1989 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 4-нд АНУ-ын Техас мужийн Остин хотод төрсөн.
Тэрбээр жүжигчин Дон Жонсон, Мелани Гриффит нарын охин бөгөөд жүжигчин Типпи Хедрен түүний эмээгийнх нь талын эмээ юм. Мөн Испанийн жүжигчин Антонио Бандерас бага насанд нь түүний хойд эцэг болж байжээ. Ийнхүү кино урлагийн алдартай гэр бүлд өссөн Дакота багаасаа жүжигчдийн ертөнцтэй ойр байсан ч мэргэжлийн карьераа өөрийн замаар бий болгосон байна.
Дакота Жонсон есөн настайдаа ээж Мелани Гриффитийн тоглосон “Crazy in Alabama” кинонд тоглон дэлгэцийн анхны дүрээ бүтээжээ. Гэвч гэр бүлийнхэн нь түүнийг шууд жүжигчний карьераар хөөцөлдөхийг дэмжээгүй тул ахлах сургуулиа төгссөнийхөө дараа мэргэжлийн жүжигчний замналдаа эргэн орсон байна. 2006 онд тэрбээр “Miss Golden Globe”-ээр сонгогдож, улмаар загварын салбарт ч ажиллаж эхэлжээ.

2010 онд Дакота “The Social Network” кинонд жижиг дүр бүтээснээр кино урлагийн карьер нь идэвхтэй үргэлжилсэн. Үүний дараа “Beastly”, “The Five-Year Engagement”, “21 Jump Street”, “Need for Speed” зэрэг кинонд тоглож, өөр өөр төрлийн дүрээр өөрийгөө сорьжээ.




Дакота Жонсоны карьерын хамгийн том эргэлт “Fifty Shades of Grey” киноны Анастейша Стиллийн дүр байлаа. 2015 онд нээлтээ хийсэн уг кинонд тэрбээр Кристиан Грейн дүрийг бүтээсэн Жейми Дорнантай хамтран тоглосон бөгөөд дараа нь “Fifty Shades Darker” (2017), “Fifty Shades Freed” (2018) кинонд дүрээ үргэлжлүүлэн бүтээжээ.


Энэ цувралын дараа Жонсон нэг төрлийн дүрд тогтохгүй байхыг эрмэлзэж, “Black Mass”, “A Bigger Splash”, “How to Be Single”, “Bad Times at the El Royale”, “Suspiria”, “The Peanut Butter Falcon” зэрэг кинонд тоглосон байна.





2018 онд Италийн найруулагч Лука Гуаданьиногийн “Suspiria” кинонд бүжигчин Сьюзи Баннионы дүрийг бүтээсэн нь түүний өмнөх бүтээлүүдээс өөр өнгө аястай дүр болсон юм. Харин 2019 оны “The Peanut Butter Falcon”, 2021 оны “The Lost Daughter”, 2022 оны “Cha Cha Real Smooth” зэрэг бүтээлүүдээрээ драмын болон бие даасан кинонд түлхүү ажиллажээ.


Тэрбээр мөн “The High Note”, “Persuasion”, “Daddio”, “Madame Web” зэрэг кинонд тоглосон. 2024 оны “Madame Web” кинонд Дакота Кассандра Уэбб буюу “Madame Web”-ийн гол дүрийг бүтээсэн юм.







2025 онд Дакота Жонсон “Materialists” романтик драмын кинонд Крис Эванс, Педро Паскаль нарын хамт тоглосон. Мөн “Splitsville” инээдмийн кинонд тоглосон байна. Түүний дараагийн бүтээлүүдийн нэг болох “Verity” кинонд тэрбээр Лоуэн Эшлигийн дүрийг бүтээж байгаа бөгөөд уг кино 2026 оны бүтээлээр бүртгэгдсэн байна.

