Холливудын жүжигчин Крис Пратт уран бүтээлийн карьераа продюсерын чиглэлээр өргөжүүлж, “Paramount Pictures” студитэй гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тэрбээр тус студийн бүтээх “The Traveler” нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт, гэр бүлийн драм кинонд гол дүр бүтээхээр болсон байна.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр уг гэрээг Праттын эзэмшдэг “Indivisible Productions” продакшнаар дамжуулан байгуулжээ. Гэрээний хүрээнд “Paramount” студи тус продакшны хөгжүүлж буй шинэ төслүүдийг бусад студиэс түрүүлж үзэх эрхтэй болох бөгөөд Пратт зарим бүтээлд жүжигчнээр оролцох боломжтой юм.
“The Traveler” кино нь зохиолч Жозеф Экертийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээгдэнэ. Зохиолын гол үйл явдал цаг хугацаагаар аялахыг хүсээгүй ч ер бусын нөхцөл байдалд орсон эцэг болон түүний хүүгийн харилцааг тойрон өрнөдөг. Цаг хугацааны аялал, гэр бүлийн холбоо, хайр сэтгэл, хагацал зэрэг сэдвийг хослуулсан уг бүтээлийг гэр бүлийн драм, адал явдалт шинжлэх ухааны уран зөгнөлт кино болгон дэлгэцнээ амилуулах ажээ.
Киноны найруулагчаар “Final Destination: Bloodlines” бүтээлээрээ танигдсан Зак Липовски, Адам Стейн нар ажиллана. Харин зохиолыг Жастин Роудс бичиж, Адам Розенберг болон Жулс Дэйли нар продюсерлох юм.
Үүнээс гадна Праттын “Paramount”-тай байгуулсан гэрээний хүрээнд “Miami Heat” нэртэй өөр нэгэн кино төсөл хэрэгжихээр болжээ. Брэд Коплэндийн зохиолыг бичиж буй уг кинонд Пратт гол дүр бүтээхээс гадна продюсероор ажиллах юм. Тэрбээр уг төслийг Хатч Паркертай хамтран продюсерлоно.

