“Loki” цувралын од, Британийн жүжигчин Том Хиддлстон эцэг болсноор амьдралынх нь үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл бүхэлдээ өөрчлөгдсөн тухай ярьжээ. Тэрбээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийг амьдралдаа гүйцэтгэх хамгийн чухал үүрэг хэмээн тодорхойлсон байна.
Өдгөө 45 настай жүжигчин “Esquire UK” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний хийх хамгийн чухал зүйл, бүтээх хамгийн чухал дүр. Хүүхдүүдийнхээ дэргэд байж, хамтдаа амьдрах нь диваажинтай адил” хэмээн ярьсан байна.
Хиддлстон эцэг болохоосоо өмнө хүүхдээ хайрлах мэдрэмж ямар гүн гүнзгий байдгийг төсөөлж байгаагүй гэдгээ мөн хуваалцжээ. Түүний хэлснээр, хүүхэдтэй болсноор хүн аливааг илүү хүчтэй мэдэрч, амьдралыг өөр өнцгөөс харж эхэлдэг аж.
Том Хиддлстон болон жүжигчин Заве Эштон нар 2019 онд “Betrayal” жүжигт хамтран тоглох үеэр танилцсан юм. Хос 2022 онд сүй тавьснаа зарлаж, мөн оны аравдугаар сард анхны хүүхдээ, хоёр дахь хүүхдээ 2025 онд өлгийдөн авсан юм.

