Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвөөс 16 км-т Цоржийн дөрөвдүгээр багийн нутагт Алтан гэрлийн хүрээний урд байдаг Домбон цохио гэх байгалийн өвөрмөц уран тогтоцтой дурсгалт газар бий. Хүрээмарал сумаар аялж буй хүмүүс, гэрэл зурагчид Хүрээмандал хайрхан уул болон Домбон цохиог зорин очиж, байгалийн ховор тогтоцыг сонирхон үзэх нь элбэг.
Домбон цохио нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн шүтэж дээдэлдэг үзэсгэлэнт хадан цохио юм. Энэхүү газар нь Хүрээмарал сумын гол шүтээн болох Мандал хайрхан уултай салшгүй холбоотой бөгөөд нутгийн сүлд дуу, шүлэг зохиолд “Мандал хайрхан уул, Заан хад, Домбон цохио” хэмээн хамтад нь бахдан дуулдаг газар орон юм байна.
Нэршлийн хувь монгол хэлэнд домбо гэдэг нь шингэн зүйл агуулах цоргогүй, өндөр, босоо хэлбэртэй уламжлалт савыг хэлдэг бөгөөд эл хадан цохио нь алсаас харахад домбо хэлбэртэй, босоо тэгш сүрлэг тогтоцтой тул ийнхүү нэрлэгджээ. Нутгийн малчид, ард иргэд Домбон цохиог “Миний нутгийн газар шорооноос Домбон цохиог гуйсан ч бүү өг” хэмээн өөр хоорондоо хуучлан, байгаль эхээ онгон зэрлэгээр нь хамгаалж, хайрлаж ирсэн түүхтэй.
Эрт үед нэгэн мэргэн түргэн үзмэрч “Энд төрсөн хүн ухаан санаа саруул, идэх, өмсөх элбэг дэлбэг явах учиртай” гэж шинжсэн түүхтэй тус сумаас олон алдартан, гавьяатан төрсөн байдаг. Тухайлан дурдвал, үндэсний бөхийн улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн төрлүүдээр дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин, бөх тайлбарлагч, дасгалжуулагч, МУГТ Шагдарын Чанрав, дипломатч, элчин зөвлөх Т.Нархүү, улсын начин, самбо, жүдо бөхийн ОУХМ Доржсүрэнгийн Нямхүү зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.
Домбон цохиог сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006.03.22-ны өдрийн 04 тоот тогтоолоор сумын орон нутгийн хамгаалалтанд авсан байна. Хүрээмарал сумын төв нь Баянхонгор аймгийн аймгийн төвөөс 220 км, Улаанбаатар хотоос 800 гаруй км зайтай.

