“Гоо сайхны олимп” хэмээн нэрлэгддэг 80 жилийн түүхтэй үсчин, гоо сайханчдын олон улсын тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцлоо.
Тус тэмцээний эрэгтэй үс засалтын ангилалд Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай алтан медаль, түүний дүү Адьяагийн Амгаланбаяр мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгав. Мөн ахан дүүс хамтдаа багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан байна.
“OMC Hairworld” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо аравдугаар сарын 11-12-нд болсон юм. Тус тэмцээнд Монгол Улсын 41 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд дэлхийн 50 гаруй орны 3000 гаруй мэргэжилтэн өрсөлджээ.
Монгол үсчин, гоо сайханчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 20 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд монгол улсынхаа багийг дэлхийн олон тэмжээнд оролцох үүд хаалгыг нээсэн юм. Монгол Улс 2006 оноос хойш тус тэмцээнд албан ёсны гишүүнчлэлтэйгээр тасралтгүй оролцож байна.

