Поп од Жастин Тимберлейкийн дэлхий даяар хит болсон “SexyBack” дууг анх дуу бичлэгийн компанийн удирдлагууд нь амжилт олохгүй хэмээн үзэж, гаргахыг нь эсэргүүцэж байжээ. Харин дуучин өөрийн уран бүтээлийн мэдрэмж, зөн совиндоо итгэснээр тухайн үеийн поп хөгжмийн чиг хандлагыг өөрчилсөн томоохон хит бүтээлүүдийн нэгийг төрүүлсэн байна.
Өдгөө 45 настай дуучин Жастин Тимберлейк 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд “Complex” сэтгүүлийн “Re-Rank” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн шилдэг 10 дууг эрэмбэлж, “SexyBack” дуугаа дөрөвдүгээр байрт жагсаажээ. Энэ үеэрээ уг дуу хэрхэн бүтсэн болон анх ямар эсэргүүцэлтэй тулгарч байснаа хуваалцсан байна.
Тэрбээр уг дууг продюсер Тимбалэндтэй хамтран маш богино хугацаанд бүтээжээ. Тэд тухайн үеийн бүжгийн хөгжмийн хэвшмэл дуугаралтаас өөр, шинэ өнгө төрхтэй бүтээл хийхийг зорьсон байна. Ингэхдээ Тимберлейкийн хоолойд тусгай эффект ашиглаж, сонсогчид түүний дууг шууд танихааргүй өвөрмөц дуугаралт бий болгожээ.
Гэвч дуу бичлэгийн компанийн удирдлагууд уг бүтээлд эргэлзэж байв. Тэд “Энэ бүтэхгүй. Чи өөрийнхөөрөө сонсогдохгүй байна. Хэтэрхий хурдан байна” хэмээн шүүмжилж, тухайн үеийн радиогоор ийм хэмнэлтэй дуу амжилт олохгүй гэж үзжээ.
Харин Тимберлейк тэдний шүүмжлэлийг өөрөөр хүлээн авч, бусдаас ялгарах нь амжилтын үндэс болно гэдэгт итгэсэн байна.
Түүний итгэл талаар болоогүй юм. 2006 онд гарсан “SexyBack” дуу нь “FutureSex/LoveSounds” цомгийн гол сингл болж, “Billboard Hot 100” жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Мөн 2007 оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос шилдгээр шалгарч байв.

