Холливудын жүжигчин Адам Драйвер “Star Wars” киноны Бен Соло буюу Кайло Рений тухай өгүүлэх киноны төсөл хэрэгжих боломжгүй болсныг баталлаа. Тэрбээр уг киног бүтээхээр хэдэн жилийн турш ажилласан ч “Disney” компани төслийг зөвшөөрөөгүй гэдгийг ярьжээ.
Адам Драйвер арваннэгдүгээр сарын 4-нд “The Rich Eisen Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар мэдээлсэн байна. Түүнийг Кайло Рений дүрд дахин тоглох, эсэхийг асуухад “Үгүй. Дууссан. Дахиж “Star Wars” байхгүй. Бид дахин нэг кино хийх гэж оролдсон ч тэд ‘Үгүй, тэр дүр үхсэн’ гэж хэлсэн” хэмээн хариулжээ.
Жүжигчин 2025 онд “The Hunt for Ben Solo” нэртэй бие даасан киноны санааг боловсруулж буйгаа анх ил болгосон юм. Тэрбээр найруулагч Стивен Содерберг, зохиолч Ребекка Блант болон Скотт З. Бёрнс нартай хамтран зохиол дээр ажиллаж, төслийг бодит бүтээл болгохоор хоёр жилийн турш хичээжээ.
Драйверийн хэлснээр, тэдний боловсруулсан зохиол маш сайн болсон бөгөөд өөрт нь ихэд таалагдсан ч эцсийн шийдвэрийг гаргах эрх түүнд байгаагүй аж. “Бид хэдэн жилийн турш ажилласан. Үнэхээр сайн зохиол гарсан. Надад маш их таалагдсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг би гаргадаггүй” гэж тэрбээр ярьсан байна.

