Домогт дуучин Том Жонс саяхан уушгины хатгалгаа өвчнөөр өвдөж, эмнэлэгт долоо хоног хэвтэх үеэрээ амьд үлдэхгүй байх вий хэмээн айж байснаа ярьжээ.
Өдгөө 86 настай дуучин арваннэгдүгээр сарын 4-нд Лос-Анжелес хотод болсон тоглолтынхоо үеэр эрүүл мэндийнхээ талаар үзэгчдэд анх удаа дэлгэрэнгүй ярьсан байна.
Тэрбээр өвчнийхөө хамгийн хүнд үед амьдралынх нь төгсгөл ирсэн мэт санагдаж байснаа дурсжээ. “За ингээд л боллоо. Томми, чи сайхан амьдарлаа. Гэхдээ одоо бүх зүйл дууслаа гэж би бодсон” хэмээн Том Жонс ярьсан байна.
Дуучин Калифорни мужийн UCLA эмнэлэгт долоо хоног эмчлүүлжээ. Энэ үеэр өөрт нь тусалсан эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлээд “Тэд үнэхээр гайхалтай ажилласан. Тиймээс би өнөөдөр энд зогсож байна” гэжээ.
Тэрбээр тайзнаа эргэн гарах хүсэл нь өвчнөө даван туулахад нь чухал нөлөө үзүүлснийг мөн онцолсон байна. “Би тайзандаа эргэж очих ёстой гэж өөртөө хэлсэн. Миний байх ёстой газар бол тайз. Би үүнгүйгээр амьдарч чадахгүй” хэмээн ярьжээ.

