Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Б.Батнамсрай: “Овгор” киногоор эрчүүдийн нөхөрлөл, хүний мөс гэж ямар зүйл байдгийг харуулахыг зорьсон
Ярилцлага

Б.Батнамсрай: “Овгор” киногоор эрчүүдийн нөхөрлөл, хүний мөс гэж ямар зүйл байдгийг харуулахыг зорьсон

Урлаг Урлаг06/11/2026Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу жүжигчин Б.Батнамсрайтай ярилцлаа

-Жүжигчний гараагаа хэзээнээс эхэлсэн бэ. анхны уран бүтээлийнхээ талаар ярьж өгнө үү?

-Би уг нь Монгол Улсын Их сургуулийг 2014 онд төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй хүн л дээ. Хамгийн анх UBS телевизийн “To be or not to be” шоунд 2013 онд оролцсон. Тэр цагаас эхлэн кино урлагийн салбар руу ороод гэрлийн баг, арын албанаас эхэлж байлаа. Одоогоор нийт 30-40 кино, дэлгэцийн уран бүтээлд тоглосон байх аа. Нарийн тоолж үзсэнгүй. Миний хувьд мэргэжлийн жүжигчин биш учраас өөрт маань тохирох дүр гэж бодсон л бол дүрийг жижиг, том гэж бодохгүйгээр хичээнгүйлэн бүтээгээд, түүнээсээ суралцаад явдаг. Ер нь царай төрх, характер ч тохирдог болохоор тэр үү түүхэн болоод монгол үндэсний ахуй соёлыг харуулсан бүтээлүүдэд эгэл монгол эр хүний дүр бүтээж яваа залуу уран бүтээлч. Өөрөө ч монгол ахуйдаа хайртай болохоор уран бүтээлийн ажлын зав зайгаар хөдөө мал дээрээ л оччихдог. Анхны кино гэвэл МҮОНТВ-ийн “Бага хаадын үе” хэмээх цуврал баримтат бүтээл дээр дүр бүтээсэн. Дараа нь “Бохир ертөнц” гээд үргэлжилсэн. Түүнээс гадна Хятадын гурван ч кино бүтээл дээр ажилласан.

-Бүтээлийн заваар хөдөө мал руугаа явчихдаг гэсэн. тэгэхээр танд монгол ахуй, эр хүний дүрийг бүтээхэд илүү дөхөм байдаг уу. сүүлийн үеийн уран бүтээлүүдээс сонирхуулаач?

-Тэгэлгүй яах вэ. Миний жинхэнэ амьдрал, бүтээсэн дүрүүдтэй минь ойрхон байдаг. Хөдөөнөөс давхиж ирээд хотын гялалзсан дүрд тоглохоос илүү монгол ахуйтай дүрүүдээ бүтээхэд яг тохирдог юм. “Шар гэгээ” уран сайхны киноны Алаг Нордов, “Гүртэн” уран сайхны киноны чоно Аюуш гэх мэт дүрүүд бүтээсэн. Сүүлд Фантастик продакшны “Зургаа дахь дайчин” кинонд ажилласан. Одоо продюсер С.Уран эгчийн бүтээл дээр ажиллаж байна. Өнгөрсөн зун ажилласан “Овгор” уран сайхны кино маань сая аравдугаар сарын 8-нд нээлтээ хийгээд театруудаар гарч байгаа. “Овгор” кинонд Бааяа гээд нутгийн овгорын дүр бүтээсэн. Зураг авалтаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Бугантад хийсэн. Бааяагийн тухайд тэр үеийн эгэл эр хүний гэм хоргүй эерэг хандлагатай ч яг цагаа тулахаар нөхөрлөлийнхөө төлөө чин шударга зантай эрчүүдийн төлөөллийг харуулсан дүр.

-“Овгор” киноны хүмүүст хүргэх гэсэн гол санаа чухам юу вэ?

-Хүн бүхэн өөрөөр хүлээж авах байх л даа. Цаг хугацааны тохиол бүрд нийгмийн хэв маягийг дагаад хүмүүсийн мөн чанар, зан араншин нь харилцаа, нөхөрлөлд нь ялгаатай байдлаар илэрдэг. Одоогоос 40 гаруй жилийн өмнө эрчүүдийн нөхөрлөл, хүний мөс гэж ямар зүйл байсныг харуулахыг зорьсон гэж боддог. Мэдээж эерэг сөрөг, адармаатай явдлуудаар үзүүлсэн. Аав, ах нарын “бидний үед” гэдэг ярианы учрыг энэ кинонд тоглосноороо мэдэж, мэдэрсэн зүйлүүд байгаа. Гэхдээ энэ нь одоогийн залуусыг тийм ийм гэж, цаг хугацааг буруутгаж байгаа хэлбэр огтоос биш. Нөгөө талаар эрчүүдийн эрэлхэг, шийдэмгий зан байдал зэрэг нь сайн муу алинд хүргэж байсан тухай ч багтаасан. Миний хувьд тухайн үеийн өөрийн насны хүний дүр бүтээсэн л дээ. Гэхдээ хөгжилтэй нь сахлаа тэгж хусаад хэдэн өдөртөө толинд харж өөрөөсөө цочсон. Шал өөр хүн шиг харагдаад байдаг юм билээ. Тухайн киноны хувьд хамгийн эерэг дүр юм даа.

-Ямар жүжигчидтэй тоглосон билээ. кино урлагийн салбарт таны багш гэх хүн бий юу. эсвэл үлгэрлэн дагадаг жүжигчин байгаа юу?

-Миний тоглож ирсэн бүтээлүүд ихэвчлэн баатар, жанжин, цэрэг цагдаа, аав ах гээд л эр хүний онцлог харуулсан сэдэвтэй байдаг. Тэгэхээр яалт ч үгүй ах нартайгаа маш ойрхон ажилладаг. Бүгдээс нь заавар зөвлөгөө авч суралцдаг. “Овгор” кинонд жүжигчин Ц.Цэрэнболд, С.Ариунбямба, Г.Эрхэмбаяр, С.Болд-Эрдэнэ гээд олон ахтайгаа тоглосон. Ариунбямба ах, Цэбо ах нар их түшигтэй, чин сэтгэлийн чиг зөвлөгөөг сайн өгдөг болохоор суралцсаар байдаг.

-Уран бүтээлч хүнд оролцсон бүтээл бүрээс нь туршлага, дурсамж үлддэг байх. “овгор” киноноос санаанд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ах нараасаа үргэлж суралцдаг. “Овгор” киноны хувьд нэг сцень байгаа. Найзынхаа амины өшийг авахаар эсрэг талынхан руу дайрч ордог хэсэг дээр шийдсэн хүмүүс ямархуу байх ёстойг бодоод байдаг. Хэд, хэд ороод нэг л эвээ олохгүй үзээд байж байтал, Цэбо ах тэндээс “Битгий нэг их ярвайж царай зүсээ муухай хувирга, энэ чинь сүрийг үзүүлж, айлгаж, атаманы дүрд тоглохоос илүү тооцоолол шүү дээ. Чиний зорилго тодорхой, найзынхаа өшийг авах тооцоо, ажиглалт байх ёстой. Энгийн байх тусам жинтэй байдаг” гэж зөвлөж дүрээ бүтээж байлаа. Энэ мэт зөвлөмж, сургамж бусдаасаа авах зүйл зөндөө. Би чинь оёх, шидэх чимхлүүр ажилд дуртай болохоор зураг түрүүлж дууссан ч багийнхныхаа ажилд туслаад, хувцас хэрэгслийг оёж шидэлцээд үлдсэн хоногуудаа хамт байж байгаад бууж ирэх үе бий. Миний хувьд талын хүн болохоор тэр үү, уул хайрхадтай хангай газраар явахад жаахан сүрдэж биширдэг л юм. Нэг талаар тойрон аялал ч болдог доо. Кино уран бүтээл гэдэг багийн ажил учраас дэм дэмэндээ шүү дээ.

-Та нутаг ус, бага насныхаа тухай сонирхуулахгүй юу?

-Би Дорнод аймгийн хүн. Бага нас минь Халхгол суманд өнгөрсөн. Аав ээжээс гурвуулаа, хоёр охин дүүтэй, айлын том хүү. Аймгийн төвийн V сургуулийг төгсөөд, МУИС-ийн Сэтгүүл зүйн ангид суралцаж төгссөн. Сонирхуулахад, 1998 онд манай Халхгол сумын Их бурхант цогцолбор газар “Халхын хэцүү То ван” киноны зураг авалт хийгдэж байхад би 4-5 настай байсан. Тэр кинонд эмээгээ дагаад явдаг жаахан охины дүрд тоглосон юм. Тухайн үедээ долоон нас хүртлээ гэзгээ ургуулсан хүү байсан. Жижигхэн ч гэсэн тэр дурсамж маань их яригддаг байсан болохоор магадгүй миний кино урлагт дурлах сэдэл төрсөн болов уу гэж боддог. Манай аавын талынхан их сайхан дуулдаг хүмүүс, зарим нь Хөгжимт драмын театрт ажиллаж байсан гэдэг. Одоо ч ажил төрлийнхөө заваар Халхголдоо очоод малаа харж байгаад ирдэг. Саяхан зураг авалтаасаа өмнө арав хоног хонио хариулж яваад ирлээ.

-Уран бүтээлчид гадаад, дотоодын уран бүтээлүүдийг сайн судалдаг байх. таны бодлоор сүүлийн үеийн Монголын кино урлаг ямар түвшинд яваа гэж боддог вэ?

-Би одоогоор дөнгөж суралцаж эхлээд л явж байгаа залуу уран бүтээлч шүү дээ. Гэхдээ өөрийнхөө бодлоо хэлж бололгүй яах вэ. Ямар ч зүйл цаг үеэ дагаж өөрчлөгдөж хөгжиж байдаг байх. Цаг үе бүрд сайн ч бүтээл, тааруухан ч бүтээл олон байдаг. Тийм түвшинд гэж хэлэх хэцүү. Тэгээд ч би мэргэжлийн хүн биш болохоор нарийн сайн мэдэхгүй зүйл бас бий. Үнэхээр нухацтай ажилладаг, дүр бүрээ нарийн судалж тултал бүтээдэг үе үеийн чадварлаг уран бүтээлчид түүхэнд үлдэх сайн бүтээл гаргасаар ирсэн, хойч үе нь суралцсаар байна. Сүүлийн үед монгол ахуйтай кино бүтээлийн тоо нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Манайхан монгол ахуйтай киноны жижиг сажиг хэрнээ энгийн үйл хөдлөл үзүүлэх тал дээрээ хөдөөгөөс алсарсан байгаа нь харагддаг. Дүрээ сайтар судлаад, илүү ойлгож мэдэрч, жаахан дадлага хийж байж дүрийг бүтээвэл монгол хүн бүрд байх өв уламжлалын нарийн өгүүлэмжийг сайн гаргах болов уу гэж боддог. Жишээ нь, зарим жүжигчид маань морь малтай харьцах, гэр ахуйтай хандах тал дээр жаахан болхи, наалдацгүй байгаа нь харагддаг. Уг нь монгол хүн монгол дүрийг хамгийн сайнаар гаргах ёстой байх гэсэн бодлоор тэр л дээ. Болж өгвөл жүжигчид маань арав хоног ч гэсэн мал ахуйтайгаа ойртоод, судалдаг байгаасай гэж боддог. Би өөрөө мал ахуйд ойр болохоор анзаарч мэдэрдэг ч байж болох юм.

-Жүжигчин хүний хувьд кино урлагийн салбарт бүтээхсэн гэж хүсдэг дүр бий юу?

-Амьдрал минь ойрхон болохоор сайхан монгол аав, мөн түүхэн сайн баатар жанжны дүрийг бүтээхсэн гэж хүсдэг. Монгол ахуй соёлын үйл бүхнийг би утга учир агуулж илэрхийлж байдаг гэж боддог болохоор хүүхэд залуустаа зөвөөр хадгалж үлдээхсэн гэж боддог. Мөн нийгмийн энэ адармаатай цаг үеийн байдлыг хараал хэрүүл, сөрөг мэдрэмжтэй үзвэр бүтээлүүдээр үзэгчдийн сэтгэл оюуныг улам хямраахгүй байхсан гэж хүсдэг. Миний хувьд наанаа хатуу ширүүн дүрд сонгогдож очоод, “Өө чи чинь яасан зөөлөн харцтай нөхөр вэ” гээд л эерэг дүр рүү хуваарилагдаад байдаг тал бий/инээв/. Би чинь дөрвөн сайхан үртэй аав хүн шүү дээ. Тийм болохоор тэр үү, гадаад хэл, соёл түрэмгийлэн орж ирж буй одоо үед монгол хэлний үг хэллэг, баялаг ёс заншлыг хэвээр нь хадгалж үлдээмээр санагддаг.

-Ингэхэд жүжигчин хүн гэртээ тогтдоггүй гэдэг. ойлгож хүлээж авдаг, ар даах гэр бүлийхний дэм тус хэмжээлшгүй их биз. хань урлагийн хүн үү?

-Тэгэлгүй яах вэ, надад итгэж, ойлгож хүлээж авдаг сайхан хань, үргэлж дэмждэг үрсийнхээ урмаар уран бүтээлч хүн урагшилдаг. Миний бат ар болж байдаг хань минь хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй сайхан эмэгтэй бий. Хүүхдүүд маань багадаа аавыгаа хүлээж яддаг байсан. Одоо жаахан том болоод, өө аав ирчихсэн үү, явах гэж байна уу гээд ойлгодог болцгоож байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026
Ярилцлага Урлаг

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026
Ярилцлага Урлаг

Лууяа буюу Э.Лувсанцэрэн: Хөдөлмөрлөсөн он жилүүд минь хүлээн зөвшөөрөгдөх эхлэл байсан

22/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн өнгө-4” үзэсгэлэн дэлгэжээ

06/11/2026

Б.Батнамсрай: “Овгор” киногоор эрчүүдийн нөхөрлөл, хүний мөс гэж ямар зүйл байдгийг харуулахыг зорьсон

06/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Модель Ж.Энэрэл найруулагч Б.Амарсайханы “Гэтлэл” олон ангит кинонд гол дүрд тогложээ

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.