Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, ая зохиогч Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1975 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ндУлаанбаатар хотод мэндэлсэн бөгөөд өдгөө 51 нас хүрч байна.
Хүүхэд ахуй наснаасаа өдгөөг хүртэл арлын Япончуудыг болоод Монгол түмнийгээ уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулсаар яваа Д.Оюунтүлхүүр 1989 оны наймдугаар сард Токио хотноо болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн VII наадамд оролцож, гранпри шагнал хүртсэнээр олон улсын тайзнаа танигдсан юм.
Өөрийн зохиосон “Ээжийн бүүвэйн дуу”, мөн “Хирошимагийн охины цаасан шувуу” дууг уянгалаг хоолойгоороо амилуулсан нь Японы сонсогчдын сэтгэлд хүрсэн байна. Тухайн үед 13 настай монгол охин олон улсын хөгжмийн наадмаас гранпри хүртсэн нь Монголын хөгжмийн урлагийн хувьд томоохон амжилт байв.
1990 оноос мэргэжлийн дуучны гараагаа тус улсаас эхлүүлжээ. Японд тэрбээр NHK телевизийн шинэ жилийн алдарт “Коохаку Үта Гассэн” нэвтрүүлэгт оролцсон цөөн монгол уран бүтээлчдийн нэг болсон юм.
1990-2018 оны хооронд Японы олон мужид аялан тоглолт хийж, нийт 1000 гаруй удаа тайзнаа гарсан тухай дурдсан байдаг. Монгол, япон хэлээр олон цомог, сингл гаргаж, хоёр орны сонсогчдод уран бүтээлээ хүргэжээ. Түүний Монгол, Японы харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2014 онд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан юм. Мөн 2023 онд Монгол, Японы соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэн түүний хөрөг, уран бүтээлийг дүрсэлсэн шуудангийн марк гаргажээ.
Д.Оюунтүлхүүр 1997 онд “Оюунтүлхүүр сан” төрийн бус байгууллагаа албан ёсоор байгуулж, “Тэмүүлэл” асрамжийн төвийг ажиллуулсан байна. Тус төвөөр дамжуулан давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжиж, асрамж халамж авчээ.

