ОХУ-ын нийслэл Москва хотноо үндэсний уламжлалт өв соёл, түүх болон хүн төрөлхтний оюун санаа, ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлсэн чанартай уран бүтээлүүдийг дэмжих зорилготой Евроазийн “Алмаазан эрвээхэй” кино наадмын шагнал гардуулах ёслол болж, найруулагч О.Урантуяа “Явуулын хүн говьд” уран сайхны киногоороо Монгол Улсыг төлөөлж оролцжээ.
Оросын нэрт найруулагч Никита Михалковын “Мастерская 12” театрт өрнөсөн энэхүү ёслолд Евроазийн болон бусад бүс нутгийн 19 орны 41 бүтээл 12 төрөлд өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулах комисс наадмын “Үндэсний үнэт зүйл ба соёлын дархлааг хамгаалах” зорилтод нийцсэн хэмээн үзэж “Явуулын хүн говьд” киног онцлон уралдаант хэсэгт шалгаруулснаар энэхүү бүтээл Евразийн улс орнуудын кино театрын дэлгэцээр Монголын орчин цагийн кино урлагийг сурталчлан таниулах болзлыг хангасан байна.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Алтангэрэл, Соёлын хамтын ажиллагаа хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга О.Чинбаяр нар хүндэт зочноор оролцжээ. “Алмаазан эрвээхэй” кино наадам нь Евроазийн бүс нутгийн болон бусад орны кино уран бүтээлчдийг нэгтгэх мэргэжлийн талбар учир наадмын турш салбарын болон соёл урлагийн үйл ажиллагаанд оролцсон уран бүтээлчид үндэсний кино урлагийн давуу талын тухай илтгэлээр бодит боломжийг бүрдүүлж, арилжааны бус агуулгын кино бүтээл туурвих үзэл баримтлалаараа хамтарсан кино төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов.
Тус ёслолын үеэр “Ийм нэгэн явдал” киноны гол дүрээр хоногшсон ЗХУ-ын ардын жүжигчин Алиса Фрейндлихэд “Дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр” хүндэт шагналыг гардуулсан байна. Харин ОХУ-ын найруулагч Никита Высоцкий, Илья Лебедев нар “Август” киногоороо 2026 оны шилдэг киногоор шалгаран нэг сая ам.долларын үнэ бүхий 10 каратын якут алмаазын эзнээр тодорлоо.
Монголын цөөхөн эмэгтэй найруулагчдын нэг О.Урантуяа “Явуулын хүн говьд” бүтээлээрээ “Алмаазан эрвээхэй”-гээс гадна Болгарын Софи хотноо зохион байгуулдаг “Алтан Феми” олон улсын кино наадамд 130 гаруй орны 9600 киноноос “Соёлын өв ба жинхэнэ үнэт зүйлс” алтан цомын эзэн болж байсан юм. Мөн 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хөтөлбөрт, Казахстан, Солонгосын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч байв.


