Холливудын жүжигчин Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Ebenezer” уран сайхны кино нээлтийн амралтын өдрөөрөө Хойд Америкийн бокс оффисын жагсаалтыг тэргүүлж, жүжигчний хувьд найман жилийн дараах анхны томоохон студийн киногоороо дахин олны анхаарлыг татлаа.
Чарльз Диккенсийн “A Christmas Carol” зохиолоос сэдэвлэсэн уг бүтээл арваннэгдүгээр сарын 19-ний байдлаарх бокс оффисын мэдээллээр Хойд Америкт нийт 22.7 сая, олон улсын зах зээлд 23 сая ам.долларын орлого олж, дэлхий даяарх нийт орлого нь 45.7 сая ам.доллар болсон байна. Киноны үйлдвэрлэлийн төсөв 38 сая ам.доллар гэж мэдээлжээ.
Энэ нь Жонни Деппийн гол дүрд нь тоглосон кино 2018 оны “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald”-аас хойш анх удаа дэлхийн бокс оффисын жагсаалтыг тэргүүлсэн тохиолдол юм.
“AP” агентлагийн мэдээлснээр, киноны нээлтийн үеэр явуулсан үзэгчдийн санал асуулгад оролцогчдын 51 хувь нь Жонни Деппийг тоглосон учраас уг киног үзэхээр ирсэн гэж хариулсан байна. Үзэгчдийн 65 орчим хувь нь киног бусдад заавал санал болгоно гэжээ.
Шүүмжлэгчдийн үнэлгээ үзэгчдийнхээс харьцангуй доогуур байгаа ч жүжигчин томоохон студийн бүтээлээр бокс оффисын тэргүүн байрт эргэн ирсэн нь түүний уран бүтээлийн замнал дахь анхаарал татахуйц үйл явдал болж байна.

