Италийн загварын ордон “Prada”-гийн зуу гаруй жилийн түүхийг харуулсан “Pradasphere” үзэсгэлэнг Милан хотод нээжээ. Үзэсгэлэн тус компанийн анхны дэлгүүр байрлаж байсан “Galleria Vittorio Emanuele II” худалдааны цогцолборт байрлаж байна.
Найман танхимтай тус үзэсгэлэнд “Prada”-гийн загварын тайзнаа танилцуулагдсан хувцас, гутал, цүнхний загваруудаас гадна кинонд зориулж урласан бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн төгсгөлд “Prada” болон “Axiom Space” компанийн хамтран бүтээж буй сансрын өмсгөлийн туршилтын загварыг толилуулжээ. “Прада” уг өмсгөлийн гадна болон дотор давхаргын загварыг гаргахад оролцсон юм. Үзэсгэлэнг урьдчилан цаг захиалж үзэх бөгөөд цаг тутам 20 хүн хүлээн авдаг аж.
Марио Прада 1913 онд Миланд арьсан эдлэл, аяллын цүнхний дэлгүүр нээснээр “Prada”-гийн түүх эхэлжээ. Түүний ач охин Миучча Прада 1970-аад оны сүүлээр арьсан эдлэл үйлдвэрлэгч Патрицио Бертеллитэй хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэд арьсан эдлэлийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, 1988 онд эмэгтэй бэлэн хувцасны анхны цуглуулгаа танилцуулжээ.


