Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн бүтээн цогцлоосон түүх, соёлын хосгүй өвийн нэг нь хадны зураг юм. Хадны зураг нь эртний хүмүүсийн үлдээсэн шүтлэг бишрэл, урлаг соёлын бүтээл болох тул тэдний ахуй амьдралын талаарх үнэт мэдээллийг агуулж байдаг чухал сурвалж юм.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монголын хадны зураг” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг “Чингис Хаан” үндэсний музейн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд олон нийтэд үзүүлнэ.
Тус үзэсгэлэнд Монгол орны Алтай, Хангай, Хэнтий, говийн бүс нутгаас илрүүлсэн хадны зургийн сор болсон дурсгалуудаас түүвэрлэн оруулсан бөгөөд чулуун зэвсгийн үеэс монголын эзэнт гүрний үе хүртэлх хугацаанд хамаарах 30 гаруй зургийг дэлгэжээ.
Монгол орны хадны зургийн үндсэн сэдэв нь тухайн үеийн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуй, оюун сэтгэлгээтэй нягт холбоотой. Дээд палеолитын үед голдуу ан амьтдын дүрслэл зонхилж байсан бол неолитын үеэс хүний үйл ажиллагаатай холбоотой дүрүүд зурагдах болж улмаар хүрлийн үеэс хадны зургийн сэдэв, агуулга, дүрслэлийн арга барил өөрчлөгдөн хувирч, баяжин нэмэгджээ.


