Италийн алдарт үнэт эдлэлийн “Bvlgari” брэндийн удирдагчдын нэг, загвар зохион бүтээгч Паоло Булгари 89 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсан тухай тус брэндийн төлөөлөгч 2026 оны арваннэгдүгээр сарын 21-нд албан ёсоор мэдэгдсэн байна.
Паоло Булгари нь “Bvlgari” брэндийг үндэслэгч Сотирио Булгаригийн ач хүү бөгөөд 1984 оноос “Bvlgari” группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 1960 онд эцгийнхээ удирдлага дор гэр бүлийн бизнест нэгдэж, үнэт чулуу судлах чиглэлээр мэргэшин, брэндийн өвөрмөц загвар, гоо зүйн хэв маягийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.
Паоло Булгаригийн бүтээсэн “Bvlgari” брэндийн үнэт эдлэлийг жүжигчин Элизабет Тейлор, Ким Кардашиан, Энн Хэтэуэй зэрэг дэлхийн алдартнууд зүүж ирсэн юм. Тэр дундаа Элизабет Тейлорын “Bvlgari” цуглуулга нь үнэт эдлэлийн ертөнцийн онцгой өв болон үлджээ.
Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сард Ром хотод Паоло Булгари санг байгуулсан бөгөөд тус сан нь боловсролын тэгш бус байдлыг бууруулах, боломж хязгаарлагдмал орчинд амьдарч буй хүүхэд, залуус болон сургуулиудыг дэмжих зорилготой аж.

