“Төрт ёс-Хаадын сан”-гаас монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдаан зарлажээ. Ингээд байр эзэлсэн эхний долоон бүтээлээр “Жанжин цадиг” хэмээх ном бүтээж, саяхан “Интерном”-д уг номын нээлтийг хийв.
Уралдааны тэргүүн байрын шагналыг зохиолч Б.Ойдовын “Айн Жалудын цавчилдаан” бүтээл хүртсэн бол дэд байрыг Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджавын “Өрлөг жанжин”, гутгаар байрыг Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбатын “Хар дарсан төр” бүтээл эзэллээ.
Харин Соёлын гавъяат зүтгэлтэн С.Пүрэв, зохиолч Ч.Жанчивдорж, С.Батжаргал, Соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун нарын бүтээл тусгай байрын шагнал хүртэв. Тэргүүн байр эзэлсэн Б.Ойдов нь “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг олон сонирхолтой ном бичиж эдгээр нь бестселлер болж байжээ. Ингээд “Жанжин цадиг” номын нээлтийн шагнал гардуулах ёслол дээр түүний хэлсэн үгийг толилуулъя. “…2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан “Хаан цадиг” түүхэн зохиолын уралдаанд “Орлой мэргэн Цагаан” бүтээлээрээ би дэд байрын шагнал хүртэж байлаа.
2013 онд тус сангаас зарласан “Хатан цадиг” уралдаанд миний “Зүүн гарын мөхөл” бүтээл шилдэг зохиолоор шалгарсан. Энэ жилийн “Жанжин цадиг” түүхэн зохиолын уралдаанд миний “Айн Жалудын цавчилдаан” бүтээл тэргүүн байр эзэлсэнд туйлын баяртай байна. Соёлын гавъяат зүтгэлтнүүд, төрийн соёрхолтнууд гээд нэр төртэй зохиолчидтой өрсөлдөж тэргүүн байранд шалгарна гэдэг бол нэр төрийн хэрэг. “Айн Жалудын цавчилдаан” нь Тулуй жанжны хүү Хүлэг хааны Арабын ертөнцөд хийсэн аян дайны тухай зохиол юм. Манай зохиолч нар ихэвчлэн эртний Сүн, Тан, Алтан улсад хийсэн монголчуудын аян дайн, бас өрнө зүгт Алтан ордны улсад хийсэн тулаануудын талаар л бичсээр ирсэн. Харин Арабын ертөнцөд өрнөсөн аян дайны тухай зохиол бүтээл бараг байдаггүй. Яруу найрагч Б.Галсансүх харин Хүлэг хааны аян дайны тухай, түүний Хитбуха жанжины тухай шүлэг бичсэн байдаг юм. 1260 оны намар өнөөгийн Израйлын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт Монголын арми Исламын ертөнцийн нэгдсэн армид бут цохигджээ. Бүтэн жарны туршид гудайж үзээгүй Монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй Монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амссан байдаг. Миссирийн султан Күтүзийн арми монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх бөгөөд Гумилев, Салех зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 мянга, мамлюк-түргүүд 60 мянга орчим байсан гэж бичсэн. Харин Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй тулгарсан гэж бичсэн байдаг. Түүхч, орчуулагч Б.Номинчимэд Айн-Жалуд болон Хитбуха жанжины тухай өгүүлэхдээ “Дайсанд ар нуруугаа харуулан амь зулбан зугтсан юм хэмээн хойч үе минь бүү хэлтүгэй, бүү ичтүгэй” гээд өнө мөнхөд нүүр баатар, омог төгөлдөр тулалдсан Хитбуха жанжны тэр сүүлийн эмгэнэлт мөчөөс харин хойч үеийн бид ичиж үхэх мэт болсон байна. Хитбухагийн омог төгөлдөр төгсгөл нь 13-р зууны Монголын ялагдашгүй яруу алдрын сүүлчийн дуун байж. Тэр дуун өнөө бидний унтарсан урам зориг, замхарсан оюун санаа, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлыг сэргээн дуудах дуудлага болон эргэн дуурсах учиртай” гэж онцолсон байдаг. Тиймээс би түүхч Б.Номинчимэдийн хэлснээр Хитбуха жанжныг эргэн дуурсгаж байгаа юм. Нээрээ ч монголчууд бид дандаа л Чингис хааны ялан дийлж явсаныг сайрхан өгүүлдэг. Харин ялагдаж явсан түүхээ дурсалгүйгээр орхиж, мөнхүү ялагдалын алдаа оноог шүүн тунгааж, унтарсан урам зориг, алдагдсан итгэл үнэмшил, нойрмоглосон хүч чадлаа сэргээн дуудаж байсангүй. Одоо харин сэргээн дуудах цаг болсон. Хитбуха жанжныг ганцаараа дайсны мянгаад цэргийг хөнөөсөн гэж гадаад, дотоодын түүхчид бичсэн байдаг юм байна. Түүнийг Миссирийн султан Күтүз амьдаар нь барьж авахыг туйлаас хүсч, ингэснээр Хитбуха тэдний гарт амьдаараа баригдсан байх жишээтэй.
Мамлюк харваачид Хитбухын тахимыг нуга харван сөхрүүлэн байж сая нэг дарж авсан байдаг. Эцэст нь султан Күтүз Хитбуха жанжиныг амьдаар нь дөрвөн мөчлөн хороогоод, толгойг нь шонд өлгөж, өмнө нь Хүлэг хааны элчсийн толгойг Мисир даяар жигшүүлж үзүүлснийхээ адилаар бүх Сири, Палестин, Мисир даяар үзүүлж, хорслоо дундруулж байжээ. Энэ бол аймшигтай түүх. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээх энэ түүхийг өнөөгийн бид бүхэнд үнэн зөвөөр бичиж үлдээсэн Арабын түүхч нар, мөн Өрнийн түүхч Салех, Оросын нэрт түүхч Л.Гумилев, Монголын түүхч Ж.Бор, Б.Номинчимэд нарт талархал илэрхийлэх нь зүйтэй. Үнэндээ түүхэн зохиолч хүн бол түүхч нарыг л шүтэн бишрэх ёстой. Түүхч нар байхгүй бол түүхэн зохиолч хэн юм бэ? Жишээ нь Арабын түүхээс монголчуудынхаа түүхийг шүүрдэхийн тулд араб хэл сурна, Оросын архив руу орохын тулд орос хэл сурна, Хятадын архив руу нэвтрэхийн тулд хятад хэл сурна. Ингэж мунгинаж байтал бидний нас хүрэхгүй. Хэдийд нь зохиолоо бичих билээ. Ер нь түүхэн зохиолч хүн түүхч нарын гаргаж өгсөн жимээр л явдаг. Түүх бичлэг нь хүний тархинд тусдаг бол түүхэн зохиол хүний зүрхэнд тусдаг. Гадаад, дотоодын алдартай түүхчдийн тархинд тусгасан Хитбуха жанжны эмгэнэлт түүхийг хүмүүний зүрхэнд тусгах гэж чамгүй зүйл судалсан. “Төрт ёс-хаадын сан”-гийн удирдлага, тэдний томилсон шүүгч нар миний зохиолыг өндрөөр үнэлсэн болохоор “Айн Жалудын цавчилдаан” бүтээл маань хүний зүрхэнд тусчээ гэж би үзэж байгаа. “Жанжин цадиг” номыг уншаад уншигчид аяндаа гадарлах биз ээ…”