Олон улсын Ротари байгууллагын Монголд үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн үүнтэй залуучуудын Ротаракт хөдөлгөөний 15 жилийн ойн баяр давхцаж байгаа юм. Монголын нийгмийн сайн сайхны төлөө гэсэн зорилго дор нэгдсэн Ротарактууд 15 жилийн хугацаанд олон мянган хүнд үйл ажиллагаагаараа хүрч, туслах ажлыг амжилттай явуулж иржээ.
Харин одоо ойн арга хэмжээнийхээ хүрээнд “Rotaract Youth Forum” буюу Залуучуудын Форумыг анх удаа зохион байгуулах гэж байна. Уг форум нийгэм дэхь залуусын идэвх оролцоог нэмэгдүүлж улмаар олон улсын болоод дотоодын залуучуудын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж нийгэмд залуучуудын өмнө тулгамдаад буй асуудлуудын шийдлийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурласан оновчтой бөгөөд бодитой гарцыг бий болгох зорилготой аж. Энэ талаар “Ротаракт” хөдөлгөөний олон улс дахь албан ёсны төлөөлөгч Г.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.
Нэгэн үе олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдоо баясгаж явсан тэрээр өдгөө нийгмийн сайн сайхны төлөөх гэгээн үйлсэд залуусаа урин дуудаж олон талт ажлыг санаачлан амжилттай хийж байна. Мөн хэрэгжүүлсэн бүхий л төсөл нь бодит үр дүнгээ өгсөнд олон хүн талархалтай ханддаг юм билээ.
-“Rotaract Youth Forum” Залуучуудын форумыг ямар зорилгоор зохион байгуулах гэж байна вэ?
– Юуны өмнө байгууллагаа товч танилцуулах нь зүйтэй байх. Олон улсын Ротари байгууллага 1905 онд АНУ-ын Чикаго хотод үүсч, Пол Харрис гэдэг хүн анх санаачилж байсан юм билээ. Энэ нь нэгдүгээрт нийгмийн сайн сайхны төлөө, хоёрдугаарт хувь хүний хөгжлийн төлөө гэсэн зорилготой. Даян дэлхийн аливаа улс орны нийгмийн сайн сайхны төлөө хүмүүс өөрөө өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж хамтдаа нийгмийг хөгжүүлэхийн төлөө сайн дураар зүтгэдэг байгууллага юм л даа. Бүр тодруулбал хүн төрөлхтөний хамгийн анхны сайн дурын нэгдэл гэж хэлж болно. Мөн энэ жил дэлхий даяар Ротари хөдөлгөөн үүсч хөгжсөний 110 жилийн ой болж байгаа. Монголд анх энэ клуб 1995 онд орж ирсэн түүхтэй. Ротаракт гэдэг нь залуучуудын байгууллага буюу 18-30 насны залуучуууд гишүүнчлэлээр хамрагддаг. Оюутнаас эхлээд ажил хөдөлмөр эрхэлж нийгэмдээ идэвхтэй амьдарч байгаа бүхий л залуучуудын өмнө нээлттэй. Форум энэ сарын 28-нд болно. Залуучууд нийгэм рүү чиглэгдсэн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг өөрөөр хэлбэл манай байгуллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын залуучуудын байгууллагын бүхий л төлөөллүүдийг оролцуулна. Нийгэмд өнөөдөр залуучуудын өмнө тулгамдаад байгаа асуудлыг залуучууд өөрсдөө гарц гаргалгааг нь яаж харж байгаа юм, өөрсдийнхөө дотоод нөөц бололцоон дээр тулгуурлаад түүнийг шийдэх ямар бодит боломж байгаа юм гэдгийг олохыг чухалчилсан. Хоёрдугаарт нийгмийг энэ чиглэл рүү сэдэлжүүлж, эндээс олсон шийдлийн дагуу олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж өгөх юм.
-Нээлттэй хэлэлцүүлэг гэхээр олон сэдвээр өрнөх болов уу гэж бодож байна?
-Үндсэн зургаан сэдвээр явагдана. Залуучуудын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг ач холбогдлоор нь ангилаад хамгийн түрүүнд ямар асуудлыг нь авч үзэх нь зүйтэй юм бэ гэдгийг сонгож аваад салбар хуралдаан хийх юм.
– Монгол залуучуудын орон. Тэгэхээр Форумыг дэмжигчид олон байгаа биз дээ?
-Манай форумыг улс төр, урлаг соёл, спортын гээд бүхий л чиглэлийн ахмад залуу дунд үе дэмжин оролцож байгаа.Тухайлбал “Амжилттай хөдөлмөр эрхлэлт буюу залуучуудын карьер” сэдвээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, дуучин хэмээн олондоо танигдсан АЖ Н.Сувдын хүү Баторгил, яруу айрагч Ц.Хулан “Сэтгэлгэний доройтол сэдвээр”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асудлаар зочин оролцогчоор дуучин Нара, “Хотын соёл” сэдвээр Цэцэнбилэг нарын олон залуучууд оролцож залуучуудтайгаа үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах юм. Мөн “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Гантулга оролцоно. Мөн хүндэт зочдоор маш олон хүнийг урьсан. Манай Ротара клубын гишүүдийн дунд олны танил энэ чиглэлээр нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн цөөнгүй бий. Тэд ч энэ үйл ажиллагаанд оролцоно. Эхний ээлжинд 200 гаруй залуучууд дээр нь жирийн 20 залуучуудыг урьсан. Энэ хугацаанд зөвхөн Роторакт залуучууд гэхэд л нийгмийн сайн сайхны төлөө маш олон төсөл хөтөлбөрүүдиийг санаачлаад хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө гардан зохион байгуулж, санхүүжүүлээд бас Ротари клубын ах эгч нараасаа дэмжлэг туслалцаа аваад олон ажлын ард гарсан байдаг л даа.
-Энэ ажил нэлээд хөрөнгө мөнгөөр шийдэгдэнэ дээ?
-Тэгэлгүй яахав. Зөвхөн Ротари клуб өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн чиглэлээр оруулж ирсэн хөрөнгө оруулалт, зарцуулсан мөнгөн дүн нь 20 мянган ам доллар гараад явчихсан байна шүү дээ.
-Аливаа байгууллага үндсэн зарчимтай байдаг. Ротарак клубын хувьд?
-Улс төр шашнаас ангид байх ёстой гэсэн зарчимтай. Гэхдээ гишүүд маань ямар нэг улс төрийн харъяалал, итгэл үнэмшилтэй байх нь хамаагүй, хамгийн гол нь Ротари клубын үйл ажиллагаанд оролцож байгаа бол өөрөөсөө давж өрөөл бусдад тусалж дэмжих ёстой гэсэн зарчмаар явж ирсэн.
-Энэ байгууллагын бүтэц бүрэлдэхүүний тухайд?
-Олон улсын байгууллага учраас дэлхийн хэмжээнд 40 гаруй мянган Ротари клуб байдаг бөгөөд 1,2 сая гишүүнтэй. Харин Ротаракт 70 гаруй мянган клубтэй маш олон мянган залуучууд элссэн байх жишээтэй. Монгол зөвхөн нэг салбар байгууллага. Миний хувьд Ротаракт хөдөлгөөний Олон улс дахь албан ёсны төлөөлөгчөөр сүүлийн хоёр жил сонгогдон ажиллаж байна. Монголын нийт Ротаракт залуучуудыг олон улсын хэмжээнд төлөөлөх эрхтэй. Монголд өнөөдөр арван “Ротаракт” клуб үйл ажиллагаа явуулж нийт 500 орчим залуучууд нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмрээ оруулж байна. Клуб болгон өөрийн гэсэн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, сонгогдох ерөнхийлөгч гээд нийт арван төрлийн албан тушаалтай.
-Ротаракт хөдөлгөөний онцлог юу вэ?
-Нэгдүгээрт сайн дурынх, ямар нэг албадлагын шинж чанартай биш. Хоёрдугаарт нийгэмдээ тусалж, өөрийгөө хөгжүүлж, манлайлалд суралцаж, нийгмийн харилцаанд зөв оролцоно гэдгээрээ онцлогтой.
–Цаашид ямар ямар хүртээмжтэй ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Ротари клуб гэхэд л мянга мянган хүнд тусалсан байдаг. Жишээ нь амьдралын төлөөх аян төсөл маань олон улсад шилдэг төслөөр шалгарч байсан. 2005 оноос хэрэгжиж эхэлсэн энэ төсөл эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, оношлох гэсэн зорилготой. Энэ хугацаанд 21 аймаг, ихэнх суманд хүрч үйлчилсэн. Үүнд 30-аад мянган эмэгтэйчүүд хамрагдсанаас эрт үедээ илэрч амь нас нь аврагдсан 1000 гаруй эмэгтэй бий. Энэ мэтээр Ротари клубын монголын нийгмийн сайн сайхны төлөө санаачилж хэрэгжүүлсэн төсөл олон. Бас цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байгаа. Гурван аймагт хэрэгжиж маш олон га суулгац бүхий модуудыг тарьсан. Одоо ч манай хоёр клуб төслүүд санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа, цаашдаа ч үргэлжлүүлнэ. Зорилгынхоо хүрээнд олон зуун жил зөвхөн монголд гэлтгүй энэ хөдөлгөөн дэлхий даяар зогсолтгүй хязгааргүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний залгамж халаа нь манай Ротаракт залуучууд юм. Тийм учраас Ротара клубын ах эгч нарынхаа хийж байгаа зөв зүйлийг цаашид итгэл үнэмшилтэйгээр амжилттай үргэлжлүүлээд залгамж шинж чанараа хадгалж явах нь бидний үүрэг. Тэгэхээр цаашид хийх ажил хийх байна. Аль ч цаг үед, аль ч нийгэмд залуучуудын тусламж хэрэгтэй байдаг учраас түүнд хүрч очихыг бид эрмэлзэж явдаг даа.
Ярилцсан: Д.Нэргүй
www.urlag.mn