Увсчууд тун удахгүй түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Монгол бөхийн наадам, баруун бүсийн даншиг наадам зэрэг томоохон арга хэмжээ ойн үеэр болох юм. Орон нутгийн зүгээс баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдтэй ярилцлаа.
-Сайхан зусч байна уу. Танай нутгаар зуншлага сайхан байгаа гэж дууллаа?
-Хангай дэлхий хур бороогоо хайрлаад зуншлага сайхан болж байна.
-Хэдхэн хоногийн дараа аймгийн түүхт 90 жилийн ой болох гэж байна. Бэлтгэл ажлаа базаагаад байна уу?
-Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ой 2015 оны долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох гэж байна. Ой угтсан олон ажил хийгдэж байгаа. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний зэрэгцээгээр Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан, бүх аймагт нутгийн зөвлөлийнхөн ажиллаж байгаа. Тэднээр дамжуулан нутгийн уугуул иргэддээ урилгыг хүргүүлж байна. Ой угтсан олон бүтээлч ажлыг хийж байна. Ингэхдээ аль болох олон нийт, байгууллага хамт олны оролцоог бий болгохоор зорьж байна. Мэдээж улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжиж жил бүр хийгддэг ажил бий. Үүнийгээ ч бид ойн бэлтгэл ажилтай уялдуулан, ялангуяа төв суурин газруудынхаа тохижилт, иргэдийнхээ амьдрах орчинг тав тухтай бүрдүүлэх чиглэл рүү голлон ажиллаж байна.
-Ойн хандивыг хэрхэн цуглуулж байна вэ. Хуулиараа бол байгууллага, хамт олон оролцох боломжгүй шүү дээ?
-Ой бол ард түмэн, байгууллага хамт олны дэмжлэг тусламжтайгаар хийгддэг ажил. Хандивын арга хэмжээг нийслэл болон томоохон хот суурингууд, аймгууд, өөрийн аймагт өргөн хүрээтэй зохион байгууллаа. Мэдээж Төсвийн тухай хуулиар болон бусад хуулиар ойд улсын төсвийн хөрөнгийг зарцуулах нь хориотой. Тиймээс ард иргэд, сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр баяраа бэлдэж байна. Баяр наадмын үеийн гарах зардал, уралдааны тэмцээн зохион байгуулах, зочид төлөөлөгчдийг хүлээж авах, урлаг соёлын арга хэмжээний зардал тодорхой хэмжээгээр бүрдүүлээд ажлаа төлөвлөчихсөн.
-Ойг угтаж саяхан танайд хөрөнгө оруулалтын томоохон чуулган болсон. Үр дүнтэй чуулган болсон гэж дууллаа?
-Түүхт ойн хүрээнд “Их наяд Увс” хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард аймгийн ИТХ-аар баталсан. Энэ нь Увс аймгийг 2024 он хүртэл дунд хугацаанд хөгжүүлэх үндсэн хөтөлбөр юм. Дотроо зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй. 2024 он хүртэл одоогийн байгаа эдийн засгийг тав дахин нэмэгдүүлж, нэг их наядын эдийн засагтай болно гэсэн товч зорилго тавьж ажиллалаа. Их наядын эдийн засгийг хэрхэн бүрдүүлэх вэ гэхээр мэдээж хөдөө аж ахуйн салбарт тулгуурлаж байгаа. Тэр дундаа газар тариалан. Энэ салбараар дамжуулж аймгийн эдийн засгийг нэмэгдүүлье, баруун бүсийн аялал жуулчлал, хоёр улстай хиллэдэг давуу талаа ашиглаад хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замыг чухалчилж байна. Увсын брэнд бүтээгдэхүүн болох чацарганыг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, хоёр улсыг холбосон онцлог байршлаар транзит тээврийг хөгжүүлэх гэх мэт олон чухал туслах арга хэмжээг хэрэгжүүлэх төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож тавьсан юм. Зургаан улсын төлөөлөл, нийслэл хот болон бусад аймаг хотод амьдарч байгаа бизнесмэнүүд, бизнесийн холбоо, байгууллагын төлөөлөл ирж оролцсон. Үүний үр дүнд эхний ээлжинд хөрөнгө оруулалтын 12 гэрээг байгуулж чадлаа.
-Тухайлбал?
-Томоохноос нь дурдвал Увс аймагт 60 мВт цахилгаан станц байгуулах чиглэлээр, мөн газрын тосны хайгуул хийхээр орон нутагтай хамтарч ажиллах гэрээ, орон нутгийн хөгжлийг дэмжих, аймгийн төвийг утасгүй интернэтийн өргөн сүлжээнд холбох гэрээ байгуулсан. Наадмын өмнө ашиглалтад орох гэж байна. Мөн аймгийн хог хаягдлын удирдлагын төв болох хог боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Аялал жуулчлалын чиглэлээр тодорхой орчин бүрдүүлэх гэх мэт. Ер нь Увс аймагтай хамтарч ажиллах, судлая гэсэн хувийн хэвшлийнхэн цаашид ажил хэрэг болгохоор судлаад явцгаасан.
-Аймгийн ИТХ-аас ойд хэрхэн бэлтгэсэн бэ?
-Оны эхний хурлаар ой болох үед иргэдийг оролцоог чухалчилъя. Иргэд өөрсдийн амьдарч байгаа орчныг тохижуулах, хотдоо өнгө үзэмж нэмэх ажлыг тэдний оролцоотойгоор хийе гэдэг уриалга гаргаад миний орц-миний гэр, миний гудамж, миний байгууллагаас манай хотын хөгжил эхэлнэ гэсэн уриалга гаргасны үр дүнд байгууллага, иргэн бүр өөрсдийн амьдарч байгаа орчныг нэлээн сайхан тохижуулсан. Ойд ирсэн зочид харах байх. Улаангом хотоо орчин үеийн хөгжилтэй суурин болгохын төлөө бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ ажиллаж, түүнээс гадна өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гээд байгууллага иргэн бүр ухамсарлан ирмүүн сэтгэлтэйгээр ойг угтсан ажлуудыг хийж байна. Ерөнхийдөө бидний бодлого аймгийн хөгжил юунд тулгуурлах вэ гэвэл хувийн хэвшлийнхнийг дэмжье. Ингэхдээ бизнес хийх орчныг нь бүрдүүлж өгье гэсэн төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хурлаараа баталж тодорхой болгож авсан. Үүний хүрээнд хувийн хэвшлийг аль болох татах, хөрөнгө оруулалтыг аймагтаа оруулах боломжийг дэмжсэн дэд бүтцийг шийдээд явж байна.
-Тэгш ойг зохион байгуулахад нүсэр ажил болох нь ойлгомжтой. Нутаг сэтгэлтэй хүмүүс хэр туслаж байна?
-Төрөлх аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд аймгийн харьяат болон ажиллаж амьдарч байсан бүх хүмүүс дэмжиж тусалж ажиллахаа илэрхийлсэн. Бүх аймагт байгаа нутгийн зөвлөлийнхөн чадахаараа оролцож байна. Өчигдөрхөн гэхэд Эрдэнэтээс аймагтаа босгох хөшөө дурсгалыг аваад явж байна гэж ярьсан. Энд, тэндээс нутагтаа дурсгал үлдээх сэтгэлтэй хүмүүс олон байна.
-Ойг зохион байгуулах комисс ч идэвхтэй ажиллаж байгаа бололтой?
-Ойг зохион байгуулах Улаанбаатар хот дахь комиссын даргаар Хууль зүйн сайдаар ахлуулж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод зохион байгуулах комиссын ажлын алба гэж байгаа. Тэр алба ч гэсэн идэвхтэй ажиллаж байгаа. Одоо бол ойг угтсан ажлуудаа хумьж зочдоо хүлээж авахад бэлэн болж байна.
Тиймээс Монгол Улс даяар тархан суурьшсан Увс аймагт төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутгийн иргэддээ төрөлх аймаг байгуулагдсаны ойн мэндийг хүргэе. Нутагтаа зорьж ирээрэй. Мөн монгол түмэндээ сайхан наадамлахыг хүсье.
Эх сурвалж: polit.mn