СУИС-ийн Соёлын сургууль үүсэн байгуулагдаад 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 1965 оноос хойш 50 дахь жилдээ соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС-ийн Соёлын сургуулийн Сургалтын албаны дарга Г.Баатартай ярилцлаа.
-СУИС-ын Соёлын сургууль хэзээ үүсэн байгуулагдсан бэ? Үүх түүхээсээ товч хуваалцана уу?
-Манай Соёлын сургуулийн анхны гал голомт 1965-1966 оны хичээлийн жилд Багшийн сургууль дээр соёлын ажилтны анги гэж байгуулагдсанаас эхэлсэн. Үүнээс хойш 1983 оноос Соёл гэгээрлийн дунд сургууль гэж бие даасан сургууль байгуулагдаад 1991 онд Соёлын коллеж, 2004 онд Соёлын дээд сургууль, 2010 оноос СУИС-ийн Соёлын сургууль болсон. Соёлын ажилтны ангиас Их сургууль болтлоо 50 дахь жилдээ хөгжиж байгаа түүхтэй сургууль юм.
-50 жилийн хугацаанд хичнээн боловсон хүчинг бэлтгэн төгсгөв? Сургуулас төрөн гарсан алдар цуутнуудаас нэрлэнэ үү?
-50 жилийн хугацаанд 8000 орчим соёлын ажилтан бэлтгэн гаргасан байдаг. Манай төгсөгчдөөс Монголын бүх аймаг хот, сумын театр, чуулга, музей, номын сан, соёлын төв, аялал жуулчлалын байгууллага, хэвлэлийн газрууд, кино, архивын байгууллага, ЕБС гээд соёл урлагийн бүх шатанд бүх түвшинд ажиллаж байна. Төгсөгчдийн дундаас олон алдар цуутай хүмүүс төрөн гарсан. Тухайлбал МУУГЗ С.Дашням, н.Жамьян, Д.Цэвээнравдан, Р.Ганбат, МУГЖ Ш.Даваахүү, Д.Нарантуяа зэрэг олон арван гавьяатуудыг нэрлэж болно. Мөн н.Долгорсүрэн, н.Оюун, н.Цэцэн, н.Мандах, н.Бүдхүү гээд нэрлэвэл маш олон докторууд төрөн гарсан алдартай сургууль юм.
-Соёлын сургуульд хичнээн оюутан, залуус суралцаж байна. Хичнээн багш ажиллагсадтай вэ?
-Энэ хичээлийн жилийн байдлаар 100 гаруй багш, ажилтан ажиллаж 1000-аад оюутантай өдөр, эчнээ, зайн сургалт, магистрийн сургалт гэсэн түвшингүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хичнээн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна?
-Бэлтгэж байгаа мэргэжлийн хувьд чөлөөт цагийн үйлчилгээ, номын сан, Соёлын өвийн музей, нүүдлийн соёл судлал, иргэншил судлал, соёл урлагийн маркетинг, соёл урлагийн менежмент, соёлын аялал жуулчлал гэсэн мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байгаа.
-Соёлын сургууль үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой хэдийгээр болох вэ? Ойгоо угтаж ямар бүтээлч ажлуудыг сургууль дээрээ өрнүүлж байна вэ?
-11 дүгээр сард 50 жилийн ойгоо тэмдэглэх шийдвэр гарсан. Ойгоо угтаад 50 жилийн түүхийг багцалсанном, баримтат кино хийж байна. Ойн арга хэмжээний үеэр эрдэм шинжилгээний хурал, үе үеийн төгсөгчдийн уулзалтууд 10 сар гараад график хуваарийн дагуу явагдана.
-Танай сургуулийн хувьд багш, суралцагчдын сурч боловсрох, ажиллах орчин нөхцөл хэрхангагдсан бэ?
-Манай сургуулийн хувьд яг сургуулийн дэргэд оюутны байртай. Энэ жил иж бүрэн засвар хийгдсэн. Мөн сургуулийн хажууханд багш нарын байр бий. Сургууль дээрээ сургалт эрдэм шинжилгээний номын сан, мэргэжлийн кабинетууд боломжийн хэмжээнд хангагдсан.
-Соёлын сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчиддөө хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн анхны төгсөгч нь 1969 онд төгссөн хүмүүс, хамгийн отгон нь 2015 оны төгсөгчид байгаа. Соёлын сургуулиа төгссөн үе үеийн төгсөгчиддөө төрөлх сургуулийн ойгоороо сургуульдаа хүрэлцэн ирж, сурч байсан үеийн сайхан дурсамжуудаа дурсан, харилцан ярилцаж, бидэнтэй санал бодлоо солилцож, цаашдаа сургуулийнхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулах бололцоотой байгаа талаараа санал бодлоо хэлэлцэж, хамтран ажиллахыг урьж байна.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Undesten.mn