Та бүхэнд “Хан Хэнтий 2015” гэрэл зургийн аялалын тэмдэглэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Аялалын тэмдэглэл – 4 -ийн үргэлжлэл болгон 5 дахь цувралыг танд хүргэж байна.
Өглөө нарнаар эртлэн босож Агацын гацааны том эрэг дээрээс том дурангаар гүн ногоон усан дотор хэвтэх загасны зургийг буулган байгаад яаравчлан цааш Онон-Балжийн бэлчирийн зүг буцаж Агацын голоо гатлан зүтгүүлж эхэллээ. Хөтчийн хэлж буйгаар бэлчирийг бараг л анх удаа манай багийнханд зургийг нь мэргэжлийн дурангаар буулгуулж байгааг хэлж бид ч байртай байгаагаа илэрхийлж байлаа. Дадалд ирсэн өдрүүдээс эхлээд бидний ирэхээс хоёр, гурав хоногийн өмнө огцом хүйтэрсэн нь байгалийн өнгийг өөрчлөхөд хүргэж зүгээр л модод будаг цацсан мэд бүхий л өнгөөр алаглаж байлаа. Үнэхээр дуу алдмаар өнгөөр солонгорон сайхан харагдаж байлаа. Буцаж уруудан явсаар Балжийн Улаан эрэгт хүрч ирлээ. Голруу түрж орсон 9 метр хүртэл өндөртэй эргийн дээрээс усан доторх ертөнцийг бүрэн тольдож болохоор эрэг байсан юм.
Ийнхүү бид замдаа гаран хэсэг явсны дараа хойш эргэн Хирхон голыг өгсөн явсаар Баянхаан уул, Цагаан Тэнгэр уулын зураг авалтуудыг хийн өгсөж явсаар Гилбэр харуул, хийдийн туурин дээр ирж үзлээ. Энэ хийд хилийн харуулын айл өрхүүдын шашин номын газар байсан аж. Өдгөө нураагдан зөвхөн туурь төдий үлдсэн нь харамсалтай. Цааш хөдлөн явахад замд удалгүй Хирхон гол, түүний хажуугийн уул шахагдан зөвхөн явган аялал хийх, морьтой явахад зориулагдсан нарийн жим болон хувирч бид ч өөр өөрсдийн хэрэгслээ үүрэн, явган явахад зориулсан ус, малгай зэрэг хэрэгтэй зүйлсээ цүнхэндээ хийн бэлтгэлээ базааж аваад, аялалаа явганаар үргэлжлүүлэв. Жимийн хоёр талаар үнэхээр сонирхолтой бут сөөг битүү урган жимс ч бидний аялалыг өөрийн эрхгүй саатуулж байлаа. Бүгд л нэг хэсэг жимсчин бол аялал зогсов. Ингэж явсаар хэдэн цагийн дараа буцаж ирэн буцаад Дадал сумын зүг орой буудаллах Гурван нуур амралтын газарлуу шулуухан явж хурдалласан юм. Сумын ар талын Тугийн овоо, түүний арын Тэнхэлэг горхи, Бодончурын өвсөн эмбүүлээр орон хажуу булаг хэмээх сэнгэнэсэн хүйтэн устай булгийн хажууд ирлээ. Хажуу булгийг энэ сумынхан үнэхээр үлгэр жишээ хашаалсан нь хүн бүрийн шохоорхолыг татаж байлаа. Хашааг газарт ухаж тогтоосонгүй. Мөн рашаан булгийн эх, түүний хашаанд уядаг хадгийг цэгцлэн тусгай хадаг зүүдэг хэсэг бий болгосон нь их цэгцтэй харагдаж байлаа.
Сумын зүүн хойд дээр байрлах Чингис хааны мэндэлсэн газар хэмээн албан ёсоор зарласан дадалын Дэлүүн болдог толгойн зүг бид алхаж очлоо. Түүнд гарах цэг, зогсоолыг тогтоон өгч, тодорхой ёс жаягийг ч хүмүүс дагадаг болсон нь сайхан санагдаж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ нутгийг зорин ирэх урсгал нэмэгдэн , үүнтэй холбоотойгоор зохицуулалт хийх шаардлага урган гарсан байна. Ийн бид амралтын газраа бууж, оройн хоолоо идэн амрахаар боллоо. Харин шөнийн гурван гуурын дунд болон зүүн нуур мөн Чингис хааны гэрэлт хөшөөний зургийг шөнийн байдлаар авах гээд зарим маань бэлтгэж эхэллээ. Мэдээж маргааш өглөөний зургийг зүүн нуурны орчим авна гээд эрт амрах сонирхолтой хүмүүс ч олон байлаа. Өглөөний сэрүүн агаарт манан зүүн нууранд дээр буух нь гэсэн таамаг гарч сэтгэл нь догдолж байлаа. Тооцоолол үнэхээр зөв байж, өглөөний зурагчид амжилтттай зураг авалтаа хийж чадсан юм. Ингээд бидний аялалын хамгийн цаад талын аялалын цэгээс буцах маршрутандаа орлоо. Батноров сумын зүг шуудран хөдөллөө. Гэхдээ энэ сайхан нутаг тийм амар биднийг явуулахгүй нь бололтой. Манай нэг зурагчин нар дээр хөөрсөн 11 цагт хүртэл биднийг хүлээлгэж байгаад ирлээ. Бүр сайхан зураг авах гээд ганцаараа маш их шигүү торлогон дундуур зүтгээд хамаг цагаа алдаж бусдыгаа хүлээлгэсан нь энэ аж. Тэгээд хөдлөөд явж байтал манай өөр нэг гишүүн мөнгөний түрийвчээ баазын орчим гээж үлдээснээ гэнэт санаж, нэг машинаа ирсэн газар луу буцааж , аялалд багагүй цаг алдах саад үүслээ. Гэхдээ гээсэн зүйлээ олсон юм. Ингээд бид сумаас нэг мөсөн бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдлөн дараагийн сум Норовлин сумын нутаг руу явлаа. Сумын хойд хажууд тариалах тарианд намартаа цэн тогоруу олноор цуглардаг болсон мэдээлэл гардаг болсон тул манай багийнхан ч замдаа харчих санаатай нилээн ажиглаж Grus vipio ирж сүрэглэн буцах гэж байгаатай таарч хэдэн зураг дарлаа.
Цэн тогоруу бол дэлхийн хэмжээнд нэн ховор шувуу учир IUCN-ийн улаан данс, Азийн болон хөрш зэргэлдээ ОХУ, Хятадын улаан ном, Өмнөд Солонгосын байгалийн өвийн дансад тус тус бүртгэгдсэн ба Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай ―CITES-ийн (2001) болон Нүүдлийн амьтныг хамгаалах ―CMS-ын (2007) конвенциудын 1-р хавсралтад тус тус орсон байна.
Энэ шувуу тогорууны овгийн шувуу юм. Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5.6 кг орчим жинтэй том шувуу юм.
Ингэж явсаар Улзын голын гүүрэн дээр зогсон сумын төв, Улзын хөндий Уран дөш хайрхан уулын зургийг дүрснээ буулгаад сумын төв орж ирлээ. Сүүлийн үед сумыг төвыг Чишихутгийн талбай байгуулан, түүхэн нутаг нь болгох чиглэлээр орон нутаг нь анхааран ажиллаж эхэлсэн байна.Бид өдрийн цайгаа уунгаа давхисаар, хонохоор төлөвлөсөн Батноров суманд Дадалаас гараад 170 км яваад оройн нар шингэхийн хэрд хүрч ирлээ.
Батноров сумын хувьд сүүлийн жилүүдэд малын тоо толгой олон, сумын соёл боловсролын үйлчилгээ сайн нь хөдөөнөөс хотруу нүүх нүүдэл шилжилтийн нийгмийн үед ч хийгдэж байгаагүй сум гэдгээрээ онцлог аж. Сумын соёлын төв нь улсын хошой аварга болж байсан аймагтаа завсаргүй олон жил соёлын үйлчилгээгээр тэргүүлж байгаагаас гадна сум нь өөрөө энэ 2015 онд МУ-ын шилдэг суманд ажил үүргээрээ улсад өрсөлдсөн гэдгээ сум орон нутгийн удирдлага танилцуулж байлаа. Ингээд сумын шөнийн зургийн сумын төвийн голд хүүхэд залуус нь шөнийн турш бужигнан өнгөрөөх спортын талбай, түүний хажууд байх усан оргилуур, Анд найзын хөшөө шөнийн гэрэлтүүлэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг авч явсаар бид шөнө хагаслан амарлаа. Энэ нутаг нь МНТ-д гардаг Наху баяны ганц хүү Боорчитой найман шарга морио хулгайд хөөлгөн араас нь мөрдөн 2 өдөр, шөнө яваад өглөөн нарнаар Хөхүүрийн талд зэлэн дээр унага татах Боорчитой танилцан анх анд болж их үйлд зүтгэж байсан нөхөрлөлийн нутаг энэ суманд бий гэдгээс үндэслэн сумын төв дээр нутгийн иргэдийн дэмжлэгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь өнөө хүртэл амжилттай ажиллаж байна.
Өглөө нарнаар сумын урд хөндий болох боорчийн нутаг Хөхүүрийн тал, Боорчийн хөшөөг аван удалгүй цугларах их адуу дотроос морьд барин энэ нутгаас Монгол нутагт алдартай мөнгөн хийцийн Эмээл тоноглолыг морьд дээр тохох үйл явцын зураг авах явдал байлаа. Нутгийнхан ийм үйл хийх гэж байгаа зарыг авангуутаа , цагийн дотор дунд, их гарын 10 гаруй мөнгөн эмээл цугларч бэсрэг наадмын хэмжээний үзэгч түмэн цугларч сайхан зураг авлаа. Өдрийн хоолны дараагаар аймгийн төврүү яаравчлан хөдөллөө. Замд сумын нутагт байх Аав хад хэмээн нутгийнхны сүүлийн үед шитэх болсон дурсгал сүсэглэн цааш явсаар 1972 оны ,,,, сарын ,,,, өдрийн үйл явцыг гэрчлэх БНХАУ-ын цэргийн яамын сайд асан Линбаогийн онгоц сүйрэл болсон газарт босгосон чулуун самбарыг үзэн Чингис хот орж ирлээ.
Аймгийн төвд байх Хэнтий аймгийн 9 гайхамшгийн нэр Сэцэн хан аймгийн ордон музей, Үндэсний бөхийн 9 аваргын хөшөө, 1939 болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон хөшөө зэрэг дурсгалуудтай танилцан оройн хоол идээд хоноглох Дэлгэрхаан сумын Археологийн судалгааны төв очиж байрлахаар хөдөллөө. Аймгаас гарах үед анх удаа маш их устай бороо орсонд бид хоорондоо өөрсдийгөө азтай яваагаа ярилцаж явлаа. Хэрвээ ийм устай, цахилгаантай бороо хээрээр байрлан явах үед орвол бол яаж их хэцүүдэх байснаа ярилцан хөөрөлдсөөр зарим маань машин дотроо дуг хийх нь тэр. Удалгүй бид Дэлгэрхаан сумын төв дээр хүрч ирлээ. Гэхдээ бидний байрлах газар Аварга тосон рашаан нуураас баруун урагш 12 км зайд, аураг ордны тууриас хойш 1 км зайд байрлах газар байлаа. Амрах газраа ирэхэд биднийг бэлтгээд хүлээж байсан нь үнэхээр таалагдлаа. Энэхүү төв нь МУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дэргэдэх Түүх, Археологийн хүрээлэнгийн судалгааны төв гэж явдаг бөгөөд зундаа олон орны багш, оюутан судлаачид ирж байрлан хээрийн судалгааг хийдэг байна. Өглөө эрт босон МНТ-ын 750 жилийн ойд зариулан босгосон хөшөө, Айраг рашаан, туурь болон Хэрлэн тооно уулын зураг авч аялалаа өндөрлүүлэх замдаа орлоо. Сумын төвийн орчим ирэхэд МУ-ын торгон сүрэг, түүнийн дотор 9 шарга морьд бүхий адуу таарч бид ч хамаг л боломжоороо зургийг нь баримтлуулж авсан юм. Ийнхүү бидний түүхийн арвин их нөөцтэй Хан Хэнтий аймгийн үзэсгэлэнт газруудаар явсан аялал өндөрлөлөө. Зүрхэн нутгийнхаа байгалийн сайханд талимааран гэрэл зургаар түүхийн хуудсыг бичилцэж, мөнхөлж чадсандаа манай гэрэл зурагчдын баг сэтгэл өндөр байлаа. Бидний адал явдлаар дүүрэн аялал энд хүрээд өндөрлөсөн юм.