Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа "Хачин юм" гэж бодмоглосноо анхаарал сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд дээл бүсий нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив. Цаадуул нь "яачихав аа" гэж биенээсээ өрсөн асуухад "Харин яасныг хараа биз дээ" хэмээн үнэнээ өчөөд, далавчныхаа ханцуйг нэгээр нь татуулан өмсгөлөө тайлж дээлээ нөмөрчээ… Тэгээд наадмын асар тийш харвал, өөрий нь унагасан шар залуу, бөхийн идээнээс өрсөн боорцог сэлтээс асар еөд хэдийг цацаад, наадамчид руу хэд хэдээр нь гүйдэл дундаа хаялан явж байлаа. Товуу, дээл хувцсаа тухлан өмсөж байхдаа болсон явдлыг сая санаж эхлэв. Учраа нь бариад автал барьцы нь алдуулан бултаж зугтахаар араас нь шүүрч барих гээд ухасхийснээ шуудгий нь маажаад л сөхөрчихсөн санж … Өөрт нь унасан хийгээд барилдана гэж бодож байсан хэдэн бөх тойрон ирж “Яах нь энэ вэ?" гэлцэн бас л харуусч байгаа янзтай асуухад, мань хүн "Яалаа ч гэхэв дээ" гэж инээмсэглэн, зодог шуудгаа баадагнан боож бүслэв. Холгүйхэн, бөхийн хорхойтой хоёр өвгөн: хэдэн эрчүүд "Начин ч харих болоогүй дээ!" "Сүрхий гэнэдэх шиг боллоо" гэлцэх нь сонсогдоно. Тэр, барилдах нь ч яахав, нэг хүнд бараагаа харуулаад, бас түүнийхээ царайг нэг хараад л авбал, эл наадамд ирсний хэрэг бүтэх юм шиг санаж байжээ. Тэр бодол нь дэндүү санаа сэтгэлий нь эзэмдэж, самбаа тэнхээгий нь алдруулсан ч байж мэднэ. Харин уначихсанд нь их багагүй хумүүс харуусаад байгааг ухаарсан хойноо, наадамчид надад их итгэж байжээ гэж гэмшжээ. Тэгээд, энд байгаад байх ч хэрэггүй юм шиг бодол төрөн мориндоо мордоод явъя гэтэл бас л зориг хүрсэнгүй. Нэг л юманд хоргодоод байлаа. Өөрийн эрхгүй хоёр нүд нь эрээн алаг асрын хоёр жигүүрээр сэрийлдэн зогсох гоёж гоодсон морьтон, тэдний урд талаар газраар зээглэн суусан наадамчид руу байн бай бэлчиж сэтгэл нь донголзох аж. Түүнийг тийн сэтгэл шаналангуй байгааг хэн мэднэ! Харин өөрийгөө харуулах гэсэн юм уу, харцы нь нэгэн удаа ч болов еөртөө татах гэсэн саваагүй юм шиг хэрнээ цайлган бодол өвөрлөсөн хүүхнүүд хойгуур урдуур нь морьтой хэрэн нэг өнгөрч; явган ч нэг үзэн авирлаж байлаа. Товуу тэднийг даанч анзаарах сэхээгүй явав. Түүний сэтгэл нэгийг үгүйлэн дэнсэлж байлаа.
… Говь талын гурван сумын хиллэх газар Төгрөгийн говь хэмээх хужир шүү, бударгана багалзуур зэгс дэрс, шар мод шарилж, таана хөмүүл дэлгэр бүрд булаг цөөрөм бургилсан нутаг байдаг авай. Зуны адаг намрын тэргүүн сар болохуй хуртай жилийн ногоонд халуурсан тэмээнд тийшээ салхидан ирэх нь ёс мэт. Ер нь тэр говиор хиллэсэн гурван сумын ойр дөт нутаглан байгаа айлын тэмээ ч ирэх Төгрөгийн говийн ногоон өдрүүдээр, тэмээ төөрөх нь байтугай, хүний сэтгэл ч согтууран тасрах нь бий.
Дэлгэр сайхан зун болж байна. Товуу хөрш сумын наадам намрын эхэн сарын арван таванд болох зар дуулж, цагаа тулаад ирэхээр эрэл суралд хатаан, ажил явдал үүдэж мэднэ хэмээн, салхидан одоод тав зургаа хонож байгаа тэмээгээ нэхэхээр дөрөө жийжээ. Аав нь тэмээгээ салхидуулах дуртай нэгэн юмсанж. Тэр
– Тэмээ гэдэг амьтан ч зүгээр нэг салхиддаггүй вий. Хорвоогийн нэг жамаар, тогтож байсан бэлчээр, унд усаа орхин бурантаглуулдаг вий. Хүрэх ч байх, хөөрхийс … Юмыг яаж мэдэх вэ? Тэгж байж, хүч тамир оруулдаг сансрын хүрд эргэж байдаг ч юм билүү. Салхидсан тэмээг хүрэх газар нь хүргэж хонуулж санаагий нь амраагаад авчирч бай! Манай тэмээ сайндаа л Төгрөгийн говьд ороод тогтоно гэж номлодог ажээ. Энэ удаа харин эргэлзэхээр байлаа. Яагаад гэвэл, хэд хоногийн салхи тогтворгүй, зүг солин эргэжээ. Гэлээ ч, юмыг яаж мэдэх вэ, эхлээд Төгрөгийн говьд үзэхэд гэмгүй гэж Товуу тийш хүлгийн жолоо залжээ.
Чингэхдээ мөр замдаа бараа харан тамдаж, уулзаж учирсан хүнээс сураглан явсаар зорьсон газрынхаа барааг харжээ. Төгрөгийн говьд тэмээний найр болж байгаа ажээ. Их үд дөхөн, өдрийн халуун улам аагиж байлаа. Товуу их говьд хэсэг бусаг бөөн бөөн сүрэг сүргээрээ бараалан байгаа тэмээд тийш хараа тавин, бүх л юм нүднээ ил тусах нэгэн толгой дээр дөрөө мултлан буув. Тэгээд өөрийнхөө хоёр шарга цагаантай дөчөөд тэмээгээ хаа нэгэн газар нь харагдах эсэхийг болгоон тухлан суув. Өдрийн халуун болж буй тул олонхи тэмээ хурайлан бөөгнөрөөд, зарим нь бөөн бөөнөөрөө хэвтэн босон байх тул ялгаж танихад хэцүүхэн аж. Бас үдийн зэрэглээ тунаран цочих тул цагаан зүсний болохыг ялгахад бэрх байлаа. Дэмий л нүд тавин тамхиа нэрэв. Сүүлийн борооноос хойш хориод хоног улирч, хэт халуунд ургаж сэргэсэн ногооны түрүүн гандаж шарлах өнгө оржээ. Түүний учир энд тэндээс ургах үүлэн толгойг мөд хур хайрлах нүнжиг байгаа эсэхийг ч болгоов. Хол ойрын уулсын өнгө зүсийг ч бороо дуудан байгаа эсэхийг ч шинжив. Малчин хүний газар ус лустай ярилцдаг зан залуу эрийг тойрсонгүй. Тийн баахан сууж ахин тамхиа нэрэхээр чүдэнзээ гарган зурж асааснаа гаансныхаа толгойд дөхүүлтэл морь нь гартах цулбуураа дугтчив! Товуу галы нь унтраасан мориндоо ундууцан эргэн харвал нэгэн зүг чихээ соотойлгон нүд нь сэргэн ямар нэг чимээ анир авсан янзтай тэргүүнээ өргөн харж байлаа. Тэр зүг буюу баруун хойш хараа тавибал, адуу тургих анир гаран, төдөлгүй цахиур чулуу гялтганасан гүдгэр чанадаас нэгэн морьтон шоволзон ил гарч иржээ. Хартал цагаан бүрх малгай сэмбийтэл тавьсан бүсгүй хүн урт чихтэй хар морины толгой хаялан алхлах эр хар сайвраар ямар нэг дууны ая дээш доош өргөж буулган исгэрч байснаа больж, хормой сэлтээ засан дөхөх авай. Товуу "Хэн байх нь вэ?" гэж бараагаар нь таньчих санаатай шаргуу ажиснаа нэр оноож чадсангүй. Харин бүсгүй хүн алмайран суугаа хүнтэй таарна гэдэг зугаатай ч юм шиг бодогдохуй битүү баясалд автан, чүдэнзээ зурж тамхиа нэрэв. Тийн соруулаа хөхөн тамхиныхаа утааг амтархан суухдаа "Бас л тэмээний нэхүүл эрлийн хүн бий дээ, чи" гэсэн шүү юм бодон, айсан яваа хүн рүү нүүрээ харуулан суудлаа засчээ.
Бүсгүй сувдан хөлс нь ташаан дээр нь бөнжигнөсөн мориныхоо халуун амьсгаа, илчийг ханх татуулан ирэв. Цэмцгэрхэн эмээл дээр, цэмцгэрхэн суусан тэр хүүхэн, хажуу сумын "алаач" Цээгийн эхнэр шанган Долгор гэгч байлаа. Товуу "Өө" гэж дотроо урам хугарсан янзтай дуу алдав. "Алаач” Цээ гэж жилийн дөрвөн цаг мөрнөөсөө ангийн карбин буу, бүснээсээ "зөрүү хар" хэмээх нэг нүдний дуран салгадаггүй, амьтны хамраас цус гаргахын дон өвөртөлсөн, гишгэхий нь хүртэл тандан хардаж сэрддэг хэн нэг эртэй инээж хөөрөхийн зуур муу юм санан аль алий нь буудна хэмээн авирладаг бузгай догшин зантай хүн байдаг гэж олонтаа дуулсан тул таагүй совин бие сэтгэлий нь эзэгнээд авах шиг болжээ. Долгор уг нь тэртээ Шанхайн хэцийн хүн юм. Цээ ан ав хөөцөлдөж явахдаа тэднийд бууж морддог болсноо, Долгорыг босгож авчирсан аж.
Шанхай нутгийнхан өөрсдийгөө "шанган ганган'' гэж өргемжлөх дуртай юмсанжээ. Чингээд л ус нутгийнх нь занг дагуулж, гоочлосон ч юм уу, эсвэл бахархсан ч юм уу, харчуул "Шанган" алдрыг өргөжээ. Долгор, бэр болж очсон бор гэрээ байтугай, нуга нутгийн олон эрсийн сэтгэлд гийсэн саран ажээ.
Долгор тэгшхэн шүдээ нимгэн ягаан уруулын чанадаас ярсхийлгэн Товуутай мэндлээд, хулсан хадаастай торгон савхи жийсэн хөлөө дөрөөнөөсөө мултлан салхийн буухад нь Товуу, эдэлгээ суусан ч дориухан бор даавуун дээлэн дээрээ бажгар дурдан бүс жавхайтал ороосон нуруу биеийг нь өөрийн эрхгүй шохоорхон "Нуруу царай тэгш, сайхан ч төрсөн амьтан даа уул нь” гэж бодоод амжив. Тэгээд хариу мэндийн үгээ хэлж зун зуншлага мал тарган тавтай байгаа эсэхийг угсруулан асуув Долгор тэр бүгдэд нь хариу өчин, өвдөг сэлт хормой хотсоо ивэн, хөндийхөн цомцойн суулаа. Залуу эр тамхиа шивших зуур, морины нуруун дээр ааван сааван тохдоггүй бололтой менгөн хэрэглэл, угалзтай шар ширэн гөлөм бүхий өндөр цэмцгэр бүүрэгтэй эмээлийг ажиж, Гэрээсээ төдий л хөндийрдөггүй хүн хаа хүрч яваа юм бол" гэж бодон, хэт нутаг хаана байгаа, хэрэг зориг юунд яваагий нь лавлав. Ёс мэт эл асуулт хоёр биенийхээ хөндийвтэрхэн яриаг амилуулах гэсэн мэт, Долгор өөрийнхөө бүтэлгүйг шоолох аястай дуу алдан, "Өө, ямар сайндаа л энэ хүртэл, морио тасдан мунгинаж явах вэ? Уржийн уржигдар үдэш гадаа хурааж хэвтүүлсэн тэмээгээ шөнөөр оргуулчихаад явж байна … Босоод явсан мөрий нь үзвэл наашаа чигтэй явсан байх юм. Хавьдаа тогтоогүй бололтой .. гэж яриад, манайх Цахиуртад л даа!" гэв. Товуу Цахиурт эндээс өртөө гаруй зайтайг санан түүний илэн далангүй ярианд баяссан ч юм шиг болж: өөртэй нь адилхан тэмээний эрэлд явааг мэджээ. Тэгээд, хэдий хэдхэн нас эгчмэд атугай ч тоглоомоор “Тэмээгээ оргохыг мэдээгүйг бодоход бөх унтжээ!" гэхэд нь, цаадах нь ил цагаанаар "Чухам аа чухам! Өдрийнхөө ажилд түүртээд сүхээр цохиулсан юм шиг л байж тэр" гэж ярив. Чингэхэд нь Товуугийн угийн дүрсгүй хөдөлж, "Тэгтлээ өдрийн ажилд түүртсэн байж чадсан юм уу даа?!" гээдхэв. Долгор сая дамшиглалын үг шидэж байгааг ухаарч, хөгжилтэйхэн инээмсэглэх аядаад “3а. за та минь …" гэж унтууцах янзтай дуу гарав.
Товуу, шанган Долгортой нүүр тулан уулзаж явсангүй. Зөвхөн түүнтэй ойртож хавьтах гэсэн харчуудын ярианаас л нэр усы нь дуулж нэгэн удаа наадам дээр, нүдээ гартал гоёчихсон хүн, хар хүнтэйгээ зүс нийлсэн морьтой тормолзож явах бараагий нь харжээ. Тэгэхэд үйлийн үргүй "шанган" нэрэндээ ч таарсан, хавь нутгийн харчууд шохоорхож байдаг нь ч хэр юм даа л гэж бодоод өнгөрчээ. Халаг болон явдаг харчуудын цээжинд сүүмэлзэх од, өөрийн цээжинд орж иртэл ч хаа байсан юм бүү мэд! Одоо, мэдэхүл бусдын уруу татаад байдаг од аль хэдүйнээ бие сэтгэлд нь шигдчихсэн байснаа, өнөө гэгээ гэрлээ цацан хэнэггүй явсан зүрхий нь гийгүүлэн улалзаж байх шиг санагджээ. Тэгээд, түүндээ ч олзуурхсан мэт Долгорт хандаж хэлэв. Тэр "Эр хүний жаргал эзгүй хээрийн талд байдгаа" гэдэг чинь, ийм учрыг хэлдэг биш байгаа даа гэсэн шүү юм бодохуй бүх бие сэтгэлийн сэрэл мэдрэхүй, сэргээд ирэх шиг болжээ. Долгор өврөөсөө улаан алчуурт боосон дуран гаргаж тайлах зуураа "За юутай ч атугай энэ олон тэмээг нүдээрээ нэг шүүгээдхэе!" гээд Төгрөгийн говиор л нэг тэмээд рүү дурандав. Товуу "Цахиурт чинь өртөө гаруй газар … Энэ хүртэл тэмээ тогтвол тогтчихоор хэдэн бага говь бий. Тэнд байгаагүйг бодоход эндээс хаа холдоо аж . Би ч гэсэн дурангаар нь тэмээгээ бас хараадахъя" гэж бодон Долгорыг ажин суув, Тэгэхдээ "Би ч гэсэн хэдэн тэмээгээ салхидуулаад нэхэж яваа юм. Манай хэд ч эндээс холддоггүй юм аа” гэж түүнийхээ чихэнд хэрэг зоригоо мэдүүлэн дуулгав. Уг санаа нь бол золоор тэмээний хоёр эрэлчин таарчээ гэдгийг л хэлэх гэжээ. Долгор Төгрегийн говийг хавь орчинтой нь тойруулан харснаа нэг юм руу дурангийнхаа харааг тогтоон суудлаа хүртэл тухлан авч шагайж "Байна аа! байна… Тээр хиазад хэвтээ босоо харагдана. Манай нэг тэмээ дагууламхай лүдийн ат байдаг юм. Тэр яг дүрээрээ харагдана… Андашгүй л дээ, Олноос онцгой буурал магнайтай юм … Зүсээрээ зогсож байна!" гэж дуран шагайх зуураа өгүүлээд олзуурхан инээд ч алдах шиг нэг л эгдүүтэй хөөрхөн дуугарав. Тэмээ нь энд байгаа мэдээ Товуугийн чихийг дүлийртэл нь алгадах шиг санагдаж, "Ингээд л салах болж дээ" гэсэн харуусал төрөн зүрхий нь хатгаад авсан ч тэр дуу хоолойгий нь дахин дахин сонсоод баймаар бодол оволзов. Долгор сэтгэл нь амарсан янзтай болж, төвгөрхөн хөхтэй цээжээ овсхийлгэн санаа алдаад "Та юм харах уу?" гэнгүүтээ дурангийнхаа боодол улаан эдийг намируулан сарвайв. Товуу "Ашгүй дээ …" гэж тал өгснөө, дурангий нь авч, "Буурал магнагтай ат чинь тэгээд, сайн явж ирэв үү гээд харж байна уу" гэхэд удаан нэгэн зүйл шагайж чилсэн нүдээ хэд нухлан өөдөөс нь тормосхийн харж сайхь асуултад тэгтлээ инээд нь хүрсэн юм уу, хоолойдоо ахиад л дахин дахин сонсмоор уянгатай хэрнээ урлагхан хөхрөв. Чингэхэд нь дурандах гэж байснаа орхин хүүхний царай руу сая үзэж байгаа юм шиг том харжээ. Долгор өнөө л цомцойн суусан чигээрээ, жижиг хар ялаа нүүрнээсээ сэвэн үргээж тунамал хар нүдээрээ инээмсэглэх ажээ.
Товуу, тэнд л манай тэмээ байгаа болбуу гэсэн бөөн тэмээ рүү шуудхан дурандав. Чингэхдээ дэмий суугаа бусгүйд зугаа болгож “Манай хэд ч тэнд л байх шиг байгаа юм. Даанч энэ зэрэглээ бүрэлзээд сайн таниулахгүй байсан юм … Одоо ч яг говь дундаа орвол тэмээ дагасан үүрэглээ ялаа амьсгаа авахуулахгүй ам хамраар нэг орно доо нэл …" гэж ярилаа. Тэр харсан тэмээнд үнэхээр өөрийн нь тэмээ байгаа аж… Тэмдэгтэйеэ харагдах тэмээ бас байх тул Долгорын адил төвөггүй танив. Гэхдээ бүрэн бүтэн байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Хүний тэмээтэй цуг байгаа тул, тоогий нь авахад хэцүү байлаа. Гэлээ ч эрэл чигтэй болж байгаад аанай л олзуурхан баясч, дурангийн хараанаас нүдээ салгаж, Долгор руу харвал "Байх шиг байна уу" гэж асуув. Тэр түүний царай төрхөөр сэтгэл амирласныг олж мэдсэн нь ил байлаа. Товуу "Байна аа" гэж бахтайхан дуугараад бүсгүйг цаашлуулан өдөхийн санаа ургуулан эгдүү нь хөдөлж, дурангий нь том шилийг нүдэндээ барин, өөдөөс нь дурандвал, тэрвээр цулбууры нь барин байгаа морьтойгоо, чанад нь ухаартан бууралтах хадтай сэрвэн тэртээ хөхрөх уул, цэнхэр тэнгэрийн хамтдаа алслан холдож, жижигхээн гэгчийн болж харагдав. Гэвч дуу хоолой нь чихэн дор уянгалан, "Хүүе, яадаг хун бэ? хүүхэд аятай…” гэснээ өнөө л нэг сонсоод баймаар дуугаараа хөхрөв. Тэгснээ ичингүйрч ч байгаа юм уу, хүүхэмсэн аальгүйтэж байгаа ч юм уу Долгор нүүрээ даран буруулах гэсэн авч чадсангүй гарынхаа салаагаар шагайн харж байлаа. Товуу дурангий нь буцаан өгөхдөе "Тийм хүүхэд шиг байна уу?" гэж зузаавтархан уруулаа шөвийлгөн өгүүлэв. Долгорт хэзээ ч билээ зүсийг нь, хальтхан харж, нэр усыг нь чихэндээ бас мөлтхөн унагаад авсан хархүүтэй хээр хөдөө дураар хөхөрч, аманд ороод ирсэн үгээ хэлбэл ч хэлж хөгжилдөөд мордоход тийм ч этгээд зүйл бус мэт санагджээ. Бас ч бүсгүй бяцхан зүрх нь мөчийн зуур ч гэлээ болтугай аальгүйтээд авахад ч, цөлх аглаг газар, ханат гэрийн дотор, тортой шувуу шиг байдаг сэтгэл нь тэнийгээд, дурангаа боон өвөртөлж босохдоо "Хүүхэд хүүхэддээ бүүр томоогүй хүүхэд шиг байна" гэж бодоод мориндоо дөхөн жолоо цулбуураа хумисхийн бас л инээд алдав. Товуу "Сайн таньдагсан бол золигийг барьж аваад баахан үнгэж наадахсан" гэж бодсоноо "Томоогүй хүүхэд хэцүү шүү … Тэр дундаа эзгүй хээрийн талд …" гээд орхисноо байр байдлыг ажив. Долгор "Тэгвэл хэцүү хүүхдийн гарт шоглуулахаасаа өмнө хэдэн тэмээгээ бараадъя" гэнгүүтээ дөреөгөө шүүрэн мордов Тэр эмээл дээрээ гарсан хойно, эр мориныхоо ивээлд нэг мөсөн орлоо гэсэн бардам сэтгэлээр намжиртайхан нүд хөмсгөө солибуулан инээвхийлэв. Товууд, эл бүхэн зугаатайхан санагдсанаар барахгүй, хаана нэгэн газраас буугаа үүрсэн "алаач" Цээ гараад ирэх вий гэж битүүхэн ширвээтэж байсан айдсаа гээж, "Яана гэнээ" хэмээн өдсөн үгээ шидээд мориндоо шувуу шиг бас сэвхийн мордлоо. Хүүхэн, өөрийгөө цулбуурдах нь уу гэж хардан, ухасхийн хурдлахаар морио давирснаа, Товууг хээв нэг зэрэгцэн ирж ерийн зүйл ярин алхуулахад дэмий хар санаснаа огоорч ханьсан галигуулав.
Тэр өдөр, бараан морь, бараан дээл, цагаан малгайтай бүсгүй, хул хонгор морь, цагаан минчүү дээлтэй хархүү хоёр, хоёр хэсэг тэмээ ханьсан цуглуулж, тэмээ тэмээндээ эзэд чинь ирж гэдгийг мэдүүлээд нааш цааш, буун мордон ганхаж өнжихөд хүрэв. Товуу жин үдийн халуунд олон тэмээ яаж туунам? Ер нь салхидсан тэмээг очсон газар нь нэг ч болов хоног болговол, санаа нь амарч ахин явдал төвөг уддаггүй гэдэг юм. Хэрэв туувал сэрүү оруулбал яанам хэмээн ятгаж өөрийнхөө дуулсан элдэв явган шог, тзр энэ анчин, жинчинд тохиолдсон инээдтэй явдал ярин инээдийг нь ханатлаа нэг сонсож түүний ааль ааштайгаа хосолсон царай зүсний гэгээнд, бүрэг бодихон сэтгэлдээ ээрэгдэн явсан зүйл зүйлийн эрвээхэйгээ нисгэн алджээ… "Алаач" Цээ, хоёр мянган тарваганы гэрээ сумынхаа хоршоотой хийж, сумын төвд арьс тосоо хэрхэн бэлтгэх хэд хоногийн семинарт дуудагдан явсан аж. Түуний учир гэрээсээ хонуут өнжүүт явуулах дургүй эхнэр нь салхидсан тэмээнийхээ хойноос жолоо залахаас өөр аргагүй явдал тохиожээ, Шанган Долгор, салхидсан тэмээний тухай ятгалганд үнэнээсээ итгэсэн үү, эсвэл хүүхэмсээд байгаа хархүүгийн зугаатай ярианд согтууран, хэвлүүхэн өдөж таалах овжин алиа аашинд ч сатаарсан уу, дөрөө хавиран явахдаа явж, газрын өндөрт ч буухдаа бууж, уянгатайхан инээхдээ ч инээж, салаад явчих санаа зоригийн үзүүрийг алджээ. Тэгээд л их үдэд шахам танихгүй хоёр уулзаж байсан бол, наран баруунаа ташиж байхад, салж чадахгуй шахам хоёр болчихсон, хүзүү хүзүүн дээрээ толгойгоо тавилцан нөхөрсөх морьдынхоо сүүдэрт, анган цангаж байгаагаа ч үл хайхран сууж байлаа. Yе үехэн хоёул тэргүүнээ нийлүүлэн эм нь эрхлэхийн дээдээр эрхэлж, эр нь эл жаргалтай мөчид уусахын дээдээр уусаж байлаа. Долгор эр нөхрийнхөө хардаж сэрдэх, авирлаж аяглахаас айж эмээхээс илүү айл гэрийн хийморь авааль гэргийн журмыг гайхалтай хадгалж явдаг нэгэн ажээ. Түүнд эрийн халамж эдэлж хэрэглэх эрх мэдэл цөм бий. Гэхдээ хааяа нэг гэнэтийн их зол баярыг мөрөөдөн явдаг байсан санж. Тэр зол баяр нь юү гээч, хэзээ хэрхэн нүүрлэхийг үл мэдэн, үеийн хүүхнүүдтэй эрчүүдийн хөгийг ярин нудралцан инээд хөхрөөн болж, заримы нь улайм цайм гуйлт гувшлага, эрээ цээргүй түрэмгий хандлагаас эвтэйхэн сугарч явжээ. Гэвч, нэг л этгээд юмтай учрах юм шиг гунигтай нүүрлэх юм шиг, ёрын бодол, ерөөл совин алин болохыг мэдэхгүй. хий балмагдал, хий горьдол, хий түгшүүр, хий мөрөөсөлд автаж бодол болно. Гэтэл тэр бүгдийн торонд өөрөө л барьц алдан яваад орчихсон юм шиг болж байгаагаа мэдэрч суув. Тэгээд, зуураад авсан зуурдын энэ учралаас зугтаад явчихвал, бөөн нүгэл болох юм шиг наалинхайтан байлаа. Тэр тусмаа, зуурдын юм бодоход бүүр ч жолоо алдсан мэт энэ чухам аз уу эз үү гэж хэн хэн нь санавч түүнийг ялгаж тунгаах нь яршигтай тээр мэт бодогдож байв. Хэдий хэлтгий явдал үйлдэж байгаагаа мэдрэн байвч, энэ учрал урд насны зураг, урт амьдралын төөргөөр л тохиож байгаа гэж уяхан нэгэн санахад сэршгүй зүүдний аялал дуусашгүй үлгэрийн явдалд үйсэн мэт хоёр зүрх нь бие биеэ уруу татан цохилжээ. Малын бэлчээрт аль олон зүрх биесээ уруу татан учирдаг ч гэх вэ дээ. Хоёр залуу, биесээ шохоорхсон гэрэл гэгээ гялалзсан нүдээр, их говийн тэнгэрт далавчаа гялалзуулан нисч буух тогоруу шувуудыг ч ажин сууж, дөрөө хавиран найгаж явахдаа хэн нэгнийхээ эхэлсэн амрагийн дууг ижилдэн исгэрч, сэтгэлийн жаргалаа эдэлжээ.Тэдний сэтгэл тогоруун далавчинд гялалзах нарны гэрэл шиг гийж байлаа.
Оройн наран ташиж, хүн малын сүүдэр уртсан уртсахын үес мань хоёр тэмээгээ нийлүүлж, аль алины чинь эзэд нь аваачих боллоо гэдгээ мэдүүлэн говийн хиазаас багшруулан туусаар, Төгрөгийн говийн хойт хаяанд зусч байгаа Жамц өвгөний гадаа аваачив. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр, хоёр залууг толгой холбоод авсныг хэдүйнээ мэдсэн мэт "Өдөржин, ялаа шумуул ээрсэн их говьд тэмээ шүүж, халуунд ангаж цангаж явцгаасан амьтад …" гэлцэн идээ цагаа тавин найрсав. Тэд залуусын "зовлонг'' сайн мэддэг, элдэв хэл ам хов жив тараадаггүй таатай хүмүүс ажээ.
Мань хоёр ч үнэхээр ангаж цангаж явснаа мэдэрснээр үл барам, унасан мориндоо ч халуунд ус эргүүлэлгүй өнжөөх гэж байгаагаа бас мэджээ. Тэгээд, тухтай цайлж авсны дараа Товуу хоёр морио услахаар мордож Долгор, өвгөний авгайтай хоний нь холболцон оройн саалинд нь туслахаар галав шалав хийв. Товуу Төгрөгийн худаг хүрэх замдаа ч тэр ус ховоодон морьдоо усалж байхдаа ч тэр, буцаж явах зуураа ч эл өдрийн учралыг санан санаж, итгэж ядаж байлаа. Нэгэн бодоход бушуухан давхиж Долгорын хөөрхөн царайг түргэн харж сэтгэлээ жаргаамаар, нэгэн санахуй өрөөлийн тэр дундаа олон харчууд ойртож хавьтахын хүслэн болон шүлсээ залгин үгээ баран, эрээ цээргүй бие биенээсээ оролдсон эсэхийг лавлан байдаг шанган Долгорыг өдрийн хугаст өөртөө дасган татах хүч миний хаанаас гарав гэж ч бодолхийлэн, сэтгэл зүрх нь ургаж босч явав. Хэрэв Долгор гарыг нь барих гэхэд булаан авч, аягүй хэдэн үг хэлчихсэн бол Товуу, "хүн халгаадаггүй амьтан байж…" гээд л орхих байв. Тэр ч байтугай өнөө шүлсээ залгисан харчуудад хэлэх ч үгтэй болж “Театрын хүүхнүүд шиг сайхан амьтан билээ. Мань мэтийг нэг нүдээр үзэх амьтан биш билээ” гэж явах байв. Жамц өвгөний гадаа ирэхэд, тэмээд нь тэдний үнсэн дээр тогтвортой гэгч нь хэвтээд хонгортож байлаа. Долгор айлын эзэгтэйн хамт холбоотой хонь саан өнөө л сэтгэл булаасан хар нүдээ мэлтэлзүүлэн инээвхийлсээр харж харагдана. Yдэш гэрийн эзэгтэй сүү саалиа хөөрүүлж, хоёр хоноцоо ээдмээр зочлов. Тэр ч байтугай, гэрийнхээ баруун талд ор дэвсгэр засахаар болоход, мань хоёр гадаа хурааж хэвтүүлсэн тэмээгээ манаж хонох нэрээр гадаа, тус тусдаа ор засуулжээ Сар мэлтийсэн сайхан шөнө болов. Айл гэрийнхэн унтсан хойно, гүн их тэнгэрт жирэвгэнэн сүрэглэх оддыг ширтэн биедээ чимээ өгөн хэвтэж асан хоёр нэгэн хучлаганаа шургажээ. Тэр шөнө хорин хэдэн насны ааг хонгор сэтгэлийн халуун, хомын ширдгээр зузаалж өгсөн дэвсгэр дор, сүүдэр чийг бараадах дуртай бор эрвээхэй хичнээнийг үгтээснийг бүү мэд. Товуу, үүрийн шаргал туяа гүйцэд тунарахын үес, хажууд нь төөнөж буй булбарай зөөлөн бие хөндийрөн салхин сэрүү шургахыг анзааран нүдээ нээвэл, Долгор хэдүйнээ дээлээ хэдэрчихсэн, зөөлхөн хошуугаа хацарт нь нааж үнсээд, хүүхэн нь бослоо. Нар гарах нь гэхэд зуны шөнийн богинохон нойрноосоо салж ядахуй "Тэмээ маань явчихаж.. ." гэх дуунаар нь еөрийн эрхгүй өндийв. Yнэхээр, тэмээд нь явчихсан байлаа. Эл хөх шөнө хоёул дугхийсэн эсэхийг үл мэднэ. Энэ тэрийг шивнэлдэн ганганалдаж эрхлэлцэн жаргаж байхад, тэмээ нь хэвтсээр л байж… Чухам хэдийд нь "оргоод" явчихсаныг бүү мэд. Манаж хоносон малаа оргуулчихаад зогсож байна гэдэг, нүүр халаасан явдал болж хоёул айлын зэхэж өгсөн ор дэвсгэр сэлтийг цэгцлээд гаднах тоодонтой уснаас нь угаалтуурт хийж нүүр гараа угааж аваад эмээлээ үүрэн чөдөртэй морьд руугаа ханджээ. Морьдоо барин мордож, сүргийнхээ барааг хараачилбал тэмээд нь хоёр заяа мэт салж говийн хиаз даган билчиж харагдана. Ахиад л халуун өдөр болох янзтай, өглөөний нар мэлтийн ургаж, тэнгэрт үсний сэвийн төдий ч үүл үл харагдана. Одоо ингээд хоёр бие сална гэхээс бөөн гуниг цээжнээ хуравч, хоёр тийшээ салахаас өөр аргагүй эжээ. Тэгээд өглөөний сэрүүнд тэмээгээ тууж газар дөхөхөер тэмцэн нэгэн толгой дээр буун, нэг нь тэвэрч, нөгөө нь тэврүүлэн жаахан суув. Ингээд суугаад л байвал хэдий болтол ч суугаад л баймаар санагдана. Гэвч улаан нүүр халуун, адуу малын хүн, аргал усанд яваа улсын нүд өлөн тул морь мориндоо морджээ. Сая санавал өчигдөр тэмээ шүүж явсан ганц морьтон овоо толгой дээр суугаа хүн, хонь мал эргүүлж яваа хавь ойрын айлын улс бишгүй л нэг харагдаж байсан авч, мань хоер тэднээс эмээх, ичихийг огоорон явжээ. Тэгээд мөдхөн болох наадмаар уулзах болзоо тавиад хоёр тийш сэтгэлийнхээ гунигийг терүүлэн салав. Уулзах ч гэж дээ бараа бараагаа л харж баясалцаад л өнгөрөхөөр болзов. Тэнгэрт тогоруу өглөөний нарны гэрлийг аанай л далавчин дээрээ гялалзуулан дэвэн сэвэн эргэж, тэдний салхи салж байгаа сэтгэлийн гунигийг шувууныхаа хоолойгоор, жигүүртнийхээ хэлээр гаслан шогшрон байх шиг гур-р, гур-р дуугарна.
Товуу, Долгорын тэмээг нь хумилцаж, говийн баруун хойт энгэр рүү дөхүүлж өгөөд буцахдаа морин дээрээсээ Долгорыг гар сунган хүзүүдэн авч, дулаахан хацар, мөнөөх тунамал хар нүдий нь үнсэн салах ёс хийн эгэхэд “Бүсгүй хүнд бүтэн заяа тэр болгон байдаггүй юмаа … Миний хархүү, эхнэртээ муу юм сануул ваа! Бас эргэж тойрч, элдвээр дорой намайгаа битгий зовоогоорой" гэжээ. Чингэхэд нь мань хүн юу ч хэлж чадсангүй. Гэвч сэтгэл уяран зогсохдоо "Наадмаар очоорой! Харна шүү" гэсэн авай.
Товуу замын турш Долгорын ааль, хэлсэн үгийг бодож явлаа. Тэр, тууж яваа тэмээгээ жин голлож байхад, хэзээний тогтож налайдаг бэлчээрт нь хүргэж бэлчээгээд гэр өөдөө хандав. Ахрын ноос нь ил хатгаж яваа сүрэг тэмээд нь ижил дасал болсон хонхрынхоо бут, ногоог санасан мэт зарим нь даралгар уруулаа унжуулан, тунгалаг алаг нүднийхээ урт сормосыг сэрийлгэн эзнээ таашаалтай харж байлаа. Товууд, олон тэмээ ээрсэн үүрэглээ хар ялаа, гашуун нясууныг идсэн тэмээний аагтай хэхрээдэс. биесээ хажиглан хаях сэвс сэлтийн үнэрээс хөндийрөхөд тун ч таатай унаж яваа морь нь ч намаг, бамбалзуураас гарсан мэт хөл хөнгөн алхалжээ. Гэсэн ч, тэмээний эзэн сүргийнхээ тогтворыг эмээл дээр хоёр тийш сэлгэн сүүжилдэн, эргэн эргэн харж сэтгэл ханаад, цаашхи мөрөө хөев. Тэгэхдээ, аанай л Долгорыг бодож “Өдийд гэртээ дөхөө болов уу, яагаа бол? Төгрөгийн говийн тэмээний эрлээ хар хүндээ юү гэж хэлэх бол? Хааяа үйл оёж суухдаа, намайг дурсан санах болов уу ? Ийм ч юм болохын чинээ бодож явсангүй дээ… Би чамайг мартахгүй ээ! гэж санагалзан уярч явлаа. Шанган Долгор л ирвэл энэ сумын наадмын дэвжээ гэгээ гэрлээр дуүрэх юм шиг санан язганасан олны хөл хөлхөөн хөгжөөн, шуугиан түүний сэтгэлийн зайд тун өчүүхэн юм шиг санагдаад байв.
Шанган Долгор наадамд ирсэнгүй. Товуу "алаач" Цээ авгайгаа тарваганы арьс өвчүүлнэ гээд дагуулаад ан авдаа явсан тухай баттай сураг дуулаад бүүр ч сэтгэл нь гуньж Тэр сайхан амьтныг цус нөжтэй хутгалдуулж байдаг яасан хатуу хорвоо вэ? гэж гаслан бодож, наадамд ирэхгүйг нь мэдсэн авч горьдон харсаар … дэлийг нь гөхөл тавьж зассан мөнгөн хазаар, шинэхэн эмээл бүхий халтар халиун морио хөтлөн, халхгар дээлийн энгэр задгай гудгархан алхаж явлаа.