Интернеттэй айл, албан байгууллага цөөн байх үед хүүхдүүдийн хөгжил өнөөдрийн хүүхдийн биеийн хөгжил эрс ялгаатай байна. Энэ нь хүүхэд бие бялдраа хөгжүүлэх насан дээрээ цахим ертөнцөд хүүхэд насаа өнгөрүүлж байгаатай шууд холбоотой юм. Таны хүүхэд ч гэсэн гүйж хариаж явах насаа интернет орчинд алдаж байгаа юм биш биз. Үүнд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулья.
Өнөөдөр сурагчид хичээлээ тараад л тоглоомын төвд бөөнөөрөө тоглож байгаа. Гэртээ харьж байгаа нэгэн нь тоглодоггүй юмаа гэхэд гар утсаа “маажаад” сууж байгаа. Интернетийн хяналтгүй, зохицуулалтгүй хэрэглээ эрсдэл дагуулдаг болохыг өнгөрсөн жилүүдэд гарсан гэмт хэргүүд нотолно. 18 настай хүү 1000 гаруй эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг өөртөө хадгалж дарамталдаг байсан. Өсвөр насны охид бэлгийн дарамтад орсон гээд олон жишээ бий. Энэ эрсдэлээс та хүүхдээ хамгаалж чаддаг гэж боддог бол дахин нэг бодох хэрэгтэй болж байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ эрсдэлээс хамгаалахын тулд фэйсбүүк хаягаар хэнтэй харьцаж ямар хандлагатай байгааг шалгадаг. Тэгвэл хүүхдийн төлөө газрын судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 47.5 хувь нь 2-оос дээш хаягтай ашиглаж байжээ
Энэ бол ямар нэгэн байдлаар хохирч болох эрсдэл. Үүнээс гадна эрүүл мэнд бие бялдарт нөлөөлж эхэлснийг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилчид ажиглажээ. Хамгийн түгээмэл сөрөг нөлөө нь харааны шил. Нүдний шил зүүдэг байсан хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Учир нь тэд байнгын ухаалаг утас, цахим ертөнцийг ашигладаг.
630 хүүхдээс авсан судалгаагаар хүүхдүүдийн 30 хувь нь өдөртөө 7 цагаас дээш хугацаанд интернет ашигладаг гэжээ. 31 хувь нь утсандаа 2 тоглоомтой. 58 хувь нь 4-өөс дээш тоглоом суулгасан. Гэхдээ тэд ийм хяналтгүй хэрэглээний хор уршгийг мэддэг. 79 хувь нь эрүүл мэндэд хортой болохыг мэддэг гэж судалгааг бөглөсөн. Өөрөөр хэлбэл хортой гэдгийг мэддэг ч тэд хэрэглээгээ хязгаарлаж чаддаггүй ажээ.
Үүнээс болж ямар эрсдэл гарч болохыг тоон баримтаар харуулъя. Өнөөдрийн байдлаар “Шар хад” буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 23 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний тав нь гар утас, пс тоглоомонд донтсон байна. Жилд тус төвөөр 200-250 хүүхэд эмчлүүлдэг гэж байгаа. 2014 онд гар утас, компьютер тоглоомонд донтсон 18 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн бол 2015 онд 35 хүүхэд, энэ оны эхний улиралд л гэхэд 16 хүүхэд тус тасагт хэвтэн эмчлүүлсэн.
Үүнээс гадна хүүхэд таны цахим гэмт хэргийн золиос болоход ойрхон байгааг эцэг эхчүүд бид анхаарах хэрэгтэй.
Хүүхдийг сургах гэж оролдсоноос өөрийгөө хүмүүжүүл гэсэн үг бий. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ дэргэд интернет ухаалаг утасны хэрэглээгээ хязгаарлаж үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй болохыг нийгмийн ажилтнууд сануулж байна.