Бодибилдингийн улсын найман удаагийн аварга тамирчин Г.Доржоос бид ярилцлага авч уншигчиддаа зөвлөгөө мэдээлэл өгч байгаа билээ. Үргэлжлэл нь өмнөх дугаарт
Цуврал 2
-Өөх шатааж, булчингаа хөгжүүлэхэд хооллолт хамгийн чухал уу, бэлтгэл чухал юм уу?
-Дасгал хоол хоёр бол яг тавь, тавин хувь байдаг үүнийг л ойлгох хэрэгтэй. Хоёуланд нь анхаарч байж үр дүн гарна. Залуучууд богино хугацаанд өндөр үр дүн хүсэж алдаа гаргах гээд байдаг. Маш тэсвэр, тэвчээртэйгээр бэлтгэлээ зөв хийгээд хоол амралт хоёроо зөв зохицуулах ёстой.
-Таны хувьд хэдий хугацааны дараа хүссэн үр дүндээ хүрч, одоо гоё боллоо гэж бодож байв?
-Яг одоо болчихлоо гэж би бодож байгаагүй юм байна. Сэтгэл ханаж үзээгүй. Хүн шуналтай байдаг. Одоо болчихлоо гэж бодсон цагаас эхлэн хүн мөхөж эхэлдэг гэж үг бий. Толинд хараад л одоо ингэх ёстой, тэгэх хэрэгтэй гэж бодно.
-Тууштай хичээллэхийн тулд дурлах хэрэгтэй байх?
-Угаасаа дурлах хэрэгтэй, энэ чинь донтуулдаг юм. Дасгалаа хийхээр л нэг гоё, сайхан байдаг. Бэлтгэлээ хийчихээд дараа нь усанд орчихоод гарахад бие хөнгөрөөд, тэр өдөртөө эрч хүчтэй байдаг. Дасгалаа хийгээгүй өдөр эсэргээрээ нэг л онцгүй.
–Фитнессээр хичээллэж байгаа мөртлөө бие нь хөгждөггүй залуус бас байдаг. Тэд юун дээр алдаад байна?
-Тууштай тэвчээртэй гүргэр хэрнээ, дасгалаа буруу хийгээд явдаг залуус бас бий. Дасгал хийх техникээ зөв сураагүй гэсэн үг. Тэгэхээр мэддэг, туршлагатай багш дасгалжуулагч нараар заалгаж, ухаантай хийх хэрэгтэй. Булчин хөгжүүлэхэд ухаан хэрэгтэй шүү дээ. Зүгээр өргөөд байхад хөгждөг юм биш, дасгалаа мэдрэх хэрэгтэй, маш өндөр мэдрэмж шаардлагатай байдаг.
-Дасгал хийхэд цаг нөлөөлдөг үү. Зарим хүмүүс өглөө бэлтгэл хийгээд үр дүнгүй байдаг гэж ярьдаг?
-Ямарч цагт хийж болно. Хамгийн гол нь шөнийн нойрыг бүтэн авсан байх шаардлагатай. Мөн эмч нарын судалгаагаар өглөөнийн 10.00 цагаас 12.00 цаг, оройны 18.00 цагаас 20.00 цагийн хооронд илүү үр дүнтэй гэсэн байдаг. Энэ цагуудад хүний бие илүү сэргэг дасгал хүлээж авахад бэлэн байдаг гэж үздэг байна. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад бас өөр , өөр байх тохиолдол байна.
–Нойр их чухал уу?
-Дасгал хийж байхад булчин хөгждөггүй ш дээ. Бэлтгэлийн дараах нөхөн сэргээлтээс шалтгаална. Дасгал хийсний дараа чанартай хоол идээд, унтаж амарч байхад дасгалын үеэр ядарсан, гэмтсэн булчингуудад бодисын солилцоо явагдаад хөгждөг. Тэгэхээр бэлтгэл хийчихээд унтаж, амрахгүй нойргүй хоноод, өөр ажил хийгээд хоол идэхгүй бол ямарч үр дүнгүй болно. Дасгал хийчихээд унтаж амрахгүй байвал хөгжихгүй. Гэхдээ ашигтай унталт хийх хэргтэй. 30 минут сайн унтчихад л болно. Залуучууд спортоор хичээллэж байгаагаа өөрийнхөө биед хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Фитнессээр хичээллээд эрүүл хооллоод ирэхээр ходоод дотор эрхтэн эрүүл болно. Дасгал хийгээд байхаар зүрхний үйл ажиллагаа цусны эргэлт сайжирдаг. Булжингийн хөгжил сайн болохоор нуруу үе мөч өвдөхгүй. Тамирчин биш хүмүүс долоо хоногт 2-3 өдөр дасгал хийчихэд л хагалттай байдаг.
-Эмэгтэйчүүд турах хүсэлтэй байдаг ч дасгал хийгээд эхлэхээр та нар шиг булчинтай болчихно гэж болгоомжилдог?
-Эмэгтэйчүүд хоол сойдог маш буруу. Амьд организм заавал идэж байж төлждөг, сэргэдэг. Идэж байж өөх шатаж, турна. Харин юу идэж байна гэдэг нь чухал. Гадуур худалдааны хоолноос эмэгтэйчүүдэд тохирсон тураадаг мөртлөө амин дэмтэй хоол олддоггүй байсан сүүлийн үед sumo sushi гэж япон хоол хүргэлтийн үйлчилгээ гарсан байна. Маш гоё амттай мөртлөө өөх шатааж, булчин нэмэх хоол. Бид ч авч иддэг. Зөв хооллочихоод дасгал хийвэл илүү үр дүнтэй. Гэхдээ эмэгтэйчүүд хүнд дасгал тэр бүр хийхгүй. Төмөр өргөсөн ч эрэгтэй хүн шиг том булчинтай болчихгүй. Яагаад гэхээр эмэгтэй хүний биеийн онцлог байгалаасаа их өөр байдаг. Яаж ч дасгал хйигээд эрэгтэй хүн шиг болохгүй. Бодибилдингийн тамирчин шиг болчих юм болов уу гээд зарим нь дасгал хийдэггүй. Бодибилдингийн эмэгтэй тамирчид бол арай өөр тэд нар бол албаар тийм болох гэж олон жил эр гармон тариулдаг ч юм уу янз бүрийн арга хэмжээ авч, хичээж байж тийм болж байгаа юм. Эмэгтэй хүн дасгал хийгээд тийм болох нөхцөл байхгүй. Харин галбиржиж жин хаяна.
өмнөх нийтлэлийг энд дарж унш
Н.Чимэг