Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй. Улс нь баян байвал өөрөө гуйлга гуйхгүй гэсэн жирийн логикоос эх оронч үзэл амилдаг. Зүгээр л
, хойт төрөлдөө баян айлын хүүхэд болж төрвөл өлсөх цангахын зовлонг амсахгүй гэдэг жирийн сүсгээс үүдэлтэй философи. Бидний эх орноо хайрлаад байгаа хайрын үндэс нь ердөө л хувь хүний өөрийнх нь үнэ цэнэ.
Зарим хүн гадаадын иргэн болоод ерийн байдлаар цагаачлаад явдаг. Үүний цаана өөрийн улсаа үзэн ядах, өөр нэг улсыг хараад хайр нь хүрээд байгаа нь үгүй. Зүгээр л өөртөө илүү чанартай амьдрал, үнэ цэнэ бий болгох сонголт хийж байгаа юм.
Эх орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө цэрэг эрс баатрууд амиа өргөдөг. Хүн төрөлхтөн ийм хүмүүсээрээ үргэлж л бахархаж ирсэн. Энэ нь эцсийн эцэст өөрийнхээ үнэ цэнийг, оршихуйг хамгаалж, түүндээ садаа болсон этгээд ба үйлдэлтэй тэмцэж байгаа хэрэг. Энэ эрх ашиг олон нийтийнхтэй давхцаж байвал бид түүнийг нийтийн төлөө, олон түмний төлөө үйл хэрэг гэж нэрлэдэг. Олон түмний төлөө үйл хэрэг үнэхээр хэрэгтэй. Гэхдээ түүнийг байлгая л гэвэл хүний хувийн үнэ цэнийг хамгаалах ёстой.
Өнөөдөр ардчиллынхан завшаад, өмч хөрөнгөтэй болоод өөрснөө юм авчихсан тохиолдол ч байна гэх шиг үг зөндөө гардаг. Үнэн хэрэгтээ хэсэг хүн өөрт нь хувийн улс төрийн эрх чөлөө байхгүй, хувийн өмч байхгүй учраас л эрх чөлөө нэхэж, хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, тэмцэж эхэлсэн. Үр дүнд нь нийтээрээ эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болсон. Яван явсаар мөнөөх л хүний дайтай явах, айлын дайтай амьдрах тэр л эрмэлзэл дээр энэ бүхэн тулж очно.
Харин бидний санаандаа хүртэл оршин тогтнох хэмжүүрийн нэгж болсон “хүний дай”, “айлын дай” маш тогтворгүй. Энэ хэмжүүр хүний хүрсэн түвшингээс нь үргэлж дээр (буюу доор) байдаг. Тэнгэрийн хаяа дөхөх тусам холдож байдаг шиг биднээс үргэлж зугтаана. Хүүхэд байхад энэ хэмжээс “дунд сургуулийн төгсөх анги” гэдэг босгон дээр харагдах жишээний. Тэнд хүрээдэхвэл ч учир ургаад ирэх аятай. Тэгснээ дээд боловсрол болж хувирна. Удалгүй гэр бүл, толгой хоргодох орон гэр, улмаар орон сууц, амины байшин болоод явчихна.
Энэ бол сайхан ч биш, муухай ч биш зүгээр л эрчим, биднийг энд байгаа цагт байнга үйлчлэх хүч. Биеийг олж төрсөн орчилын үндсэн дүрэм. Харин энэ эрчим сайн ба муу байх нь хүнээс өөрөөс нь хамаатай. Яг дэлхийн татах хүч гэдэг шиг. Дэлхийн татах хүч биднийг газар унагаад болдоггүй боловч, сансрын уудамд алдагдахаас сэргийлж байдаг лугаа адил.
Энэ хүчийг янз бүрээр нэрлэн тайлбарладаг. Амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл, урагшлах эрчим гэдгээс авахуулаад хүсэл шунал гэж хүртэл нэрлэдэг. Энэ хүчийг амьдралыг утга учиртай зорилготой байлгаж, хүнийг өөд татаж, үндэстэн улсыг хөгжилд хөтлөгч гэж магтдаг. Бас атаа жөтөө, шуналын дөрөө, зовлонгийн шалтгаан ч гэж тайлдаг.
Үнэхээр ч энэ хүч бол жаргалын түлхүүр, зовлонгийн үүд хоюулаа мөн. Юу болгох нь хүнээс өөрөөс нь шалтгаална. Яг л хутга шиг. Түүгээр мэс засал хийн мухар олгойг тайран хүний амь авардаг бас зүрх рүү нь дүрэн хөнөөж болдогтой эгээ адил.
Сайхнаар хэлэхэд хүсэл мөрөөдөл, чиг зорилго гэж нэрлэдэг тэр зүйлийг нэг талаас нь харахад биднийг жолоодон чирж явдаг. Нөгөө өнцгөөс нь харахад бид тэднийхээ араас чирэгдэн зүүгдэх боловч ерөнхий чигийг нь сонирхлоороо дамжуулан жолоодох боломжтой. Буддистууд чухам үүнд л аз жаргалын утга учир байна гэж номлоно. Чухам чамайг гал ус руу ч хамаагүй чирж орчих гээд байгаа энэ “хүсэл” гээч ардаг эмнэг хүлгийг хэн өөрийнхээ гарт оруулна, тэр цэнгэлийн манлайд хүрнэ гэж “Бодь мөрийн зэрэг” захидаг. Өөрөөр хэлбэл “ зөвхөн хүсснээ хүсдэг” болох нь гэгээрлийн үндэс бололтой.
Хүнийг жаргал зовлонгийн аль руу чирж болдог энэ хүчийг хэр зөв жолоодохоос хамааран үр дүн нь аз жаргал ба зовлон гэсэн эсрэг тэсрэг байдлаар гардаг. Мөрөөдөл чинь чамд гай зовлон авчирж байвал түүнийг шунал, атаа жөтөө болно. Харин амжилт үр дүн, өсөлж хөгжилд хүргэж байвал түүнийг зорилго, тэмүүлэл гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Нөгөө талаас нь харахаар хүн насан туршдаа өөртөө үнэ цэнэ бий болгож, тэр хэрээрээ эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгэнэ. Үүндээ хүрэхийн тулд үргэлж хувьсаж цаашилж байдаг хэмжүүр бий болгосон.Хүний дайтай явж, айлын дайтай амьдрах явдал нь үндсэндээ хүн өөртөө үнэ цэнэ бий болгох процесс юм. Амьдрал тэр байтугаа үхэл хүртэл үнэ цэнэтэй. “Үхэхдээ үхэр буугаа тавих”, “сайн явсан нь үхэхэд мэдэгдэнэ”, “нохойн үхлээр үхэх” гэхчлэнгийн ойлголтууд үүнийг хэлээд өгнө.
Хүний үнэ цэнэ ихэнх тохиолдолд хэрэглээ талаасаа бусдад харагддаг. Юу идэж ууж, юу өмсөж зүүв, аль зиндаанд амьдрав гэдэг талаасаа. Ёс суртахуун номлогчид зуун зууны туршид өнгөний сайханд хууртахгүй байхыг номлоод номлоод тиим л хэвээрээ байгаа.
Улс орон ахиж дэвшинэ гэдэг нь үнэн хэрэгтээ мөнөөх нийгмийн гишүүн бүрийнх нь өмнө байдаг “хүний дай”, “айлын дай”-ны хэмжих нэгж ахиад л, чанаржаад байна гэсэн үг. Бизнес үйлчилгээ ч гэсэн хүний ерийн нэг хэрэгцээнээс ахиад илүү чанарлаг, өөрийнхээ үнэ цэнийг тодорхойлох тал руу нь их хандах болж.
Социалист үзэл суртал нь хувь хүний энэ үнэт зүйлсийг үгүйсгэдэг байсан. Харин хүний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгээ дэвжүүлж, хүний дайтай байх боломжоо олоод 20-иод жил өнгөрлөө. Харин өөртөө хэр зэрэг үнэ цэнэ шингээж байгаа нь бидний өөрсдийн хэрэг.
2011 оны 5 сарын 11
Нийтлэлч: Б.Цэнддоо