Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ бусдад халуун гараа үнэнээсээ сунгаж чаддаг нэгэн дуучин бий. Тэр бол "Номин талст" хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн билээ. Тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж Монголын эстрадын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Түүнд алдаж, онож явсан үе аль аль нь бий.
-Та тоглолтоо хийлгүй нэлээд завсарласан. Харин саяхан “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолт чинь боллоо. Сэтгэлд тань хүрэв үү ?
-Юуны түрүүнд Zindaa.mn сайтыг уншиж суугаа амь нэгтэй ах дүүсийнхээ амар амгаланг эрье. Зургадугаар сарын нэгэнд “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх ээж, бүсгүйчүүддээ зориулсан тоглолтыг анх удаагаа найруулан, продьюсерлэж, зохион байгууллаа. Тоглолт болсон өдөр сэрүүхэн байсан. Түүнийг үл анзааран хүндэтгэлтэйгээр тоглолтыг минь таалан соёрхож, төгсгөлд нь баярлалаа гэдэг үгээр намайг чимсэн хүмүүст баярлалаа. Тоглолтын гол утга учир нь миний продюсерлэж байгаа “Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдгүүд болох Мөнхцэцэг, Цогсогмаа, Авирмэд гэсэн охид байлаа. Энэ гурван дүүгээ МУГЖ Дашдондог ахын 50 насны ойн баяраар анх олж харсан. “Номин талст” хамтлагт 20 гаруй жил дуулж залуу насаа зориулахдаа дуучин болох амаргүй давааг өөрийн биеэр туулсан хүний хувьд бүхний өгөгдөлтэй авьяасыг өөрийнхөө туулсан шиг цаг хугацааг алдуулахгүйгээр тэр гуравт боломж олгохыг хүссэн гэж болно. Миний итгэлийг тэд 100 хувь биелүүлсэн. Тоглолтдоо 108 ээжийг хүүхэдтэй нь урьсан юм. Нийтдээ 216 хүнд л миний тоглолт зориулагдсан. 108 ээжийг онцолж байгаа нь эрхний тоотой холбоотой. Хэн хүнийг дугаарлах эрх надад байхгүй. Гэхдээ хэн нэгнээс түрүүлээд ээжийгээ аваад ирэх хүн байгаа гэдэгт итгэж 108 тоогоор хязгаарласан. Түүн лугаа адил 108 гэрэлт зулыг өргүүлсэн. Билет нь 108000 төгрөгийн үнэтэй. Тоглолт үзсэн хүмүүс ээжтэйгээ хэзээ ч мартагдашгүй нэгэн оройг цуг өнгөрүүлэн, дурсамжтай зургийн цомгийг ханандаа өлгөсөн байх учиртай. Энэхүү тоглолтыг ээжүүдэд болон хүсээгүй байхад надаас хагацсан бүхнийг надтай хамт байгаасай гэсэндээ зохион байгуулсан. Би ирэх намар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Миний амьдралд тохиосон асуудлаас болоод есөн жил тоглолтоо хийж чадаагүй. Тэр хэмжээгээрээ өөрийгөө сойсон. Миний ухаан их хөнгөн хийсвэр байсан бол одоо уужуу, гүн болсон.
– Дуучин хүн гэж таны хувьд ямар хүн бэ?
– Анх эстрад урлагт “Номин талст” хамтлагаараа хөл тавьж байлаа. Дуучин гэж хэн, дууг дуулах уран чадвар гэж ямар ухаан байдгийг би ард түмнээсээ олж авсан. Монголын ард түмэн ямар дуунд дуртай вэ гэдгийг энэ биеэрээ олж мэдэрсний хувьд Монголын анхны “boy band”- уудаас түрүүлж цомог гаргаж байсан. Бусдаас түрүүлж нийтийн дуучид шигээ дээл өмсөж эхэлсэн. Энэ утгаараа дууг дуулах төдий биш, үлгэр ярьж байгаа юм шиг дуулж өгөх ёстой гэдгийг ойлгосон. Дуучин хүн гэдэг бол ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Тэрнээс биш Улаанбаатараас гарч үзээгүй, 21 аймгаа мэдэхгүй хүн дуучин гэх нэр алдрыг зүүх нь энэ урлагийн эрхэд халдсан хэрэг. Үүнийг мэдсэний эцэст дээл өмсөн “Тэнгэрийн бүсгүй”, “Баян булаг” дуунуудыг дуулснаас хойш 10 жил өнгөрчээ. Одоо энэ бүхнээсээ татгалзаж байгаа. Учир нь эстрад дуугаа санаж эхэлсэн. Би өөрөө рок поп, эстрадын дуучин. Анх “Амин зүрх” гээд тоглолтоор хөдөө орон нутгаар явахдаа “Чамайгаа үнэсье” дууг дуулахад хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй. Тэгээд яагаад ойлгоогүй тухайд дүгнэлт хийхэд Монгол ёс заншилдаа тулгуурласан уран бүтээл болоогүй байсан. Улмаар “Тэнгэрийн бүсгүй”, “Уянга цагаан хуруу”, “Наян булаг” дуунуудыг дуулж эхэлсэн. Энэ дуунуудаараа хөдөө орон нутагт “Тэнгэрийн бүсгүй” тоглолтоо хийж явахад миний билет 14 хоногийн дотор зарагдаж дуусч байсан. Тэгээд Улаанбаатартаа иртэл намайг хүмүүс эстрадын дуучнаар хүлээж авахаа больсон юм. Би газар уснаа явагч шиг л болсон. Улмаар нийтийн болон эстрадын дуучдын тоглолтод орж чадахаа байсан гэхэд болно. Өөрийн гэсэн “Вант улсыг” байгуулж, хурим найранд уригдаж эхэлсэн дээ. Гэхдээ энэ бүхнээс би залхах болсон. Олныхоо дунд байж, хэн нэгэнтэй өрсөлдөж, ялж ялагдахыг хүсч эхэлсэн. Миний зохиосон эстрад дуунуудыг миний үеийн залуус одоог хүртэл сонсох дуртай. Би буцаад рок поп руугаа эргэж орно. Миний зохиосон дуунууд олон долоо хоногийн чатуудыг эзэлж, тэргүүлэх дуунууд. Ирэх намар хит дуунуудаа багтаан “Монгол” гэдэг тоглолтоо хийх болсон. Үүний дараа эх орноо гурав дахь удаагаа тойрч, эргэлт буцалтгүйгээр эстрад дуунуудаа дуулж эхэлнэ.
– “Номин талст” хамтлагийн тарах шалтгаан юу байв?
– Бид дөрөв ойгүй их авьяастай залуус. Бид хамтдаа тайзан дээр байхад бусдаас илүү хүчтэй. Тийм болоод ч “Номин талст” нэр нь хүртэл Монгол. Бүхий л тэмцээн уралдааны “Олны ташаалд нийцсэн” номинацад манай хамтлаг ямар ч өрсөлдөгчгүйгээр түрүүлдэг байсан. Энэ нь манай хамтлагт Монголын ард түмэн хайртай гэдгийн баталгаа юм. Гэхдээ амьдралын жамаар бид бүгд үр хүүхэдтэй болж, өрх гэрийн тэргүүн болцгоосон. Бидний үүрэг хариуцлага хамтлагаас түрүүнд тавигдаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд бид бүтээн босгосон хамтлагаа “Харанга”, “Соёл Эрдэнэ” шиг нэгдүгээрт тавьж чадаагүй. Бид Янжинлхам бурхны шүүлтүүрээр орсон. Хэн нь үлдэж, хэн нь явсныг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ бидний нөхөрлөл хэвээр. Ард түмний сэтгэл зүрхэнд “Номин талст” хамтлаг үүрд. Эргээд бид нэгдэх цаг ирнэ. Тэр үед арай өөр өндөрлөгөөс, өөр өнцгөөс, аавын хоолойгоор дуулах байх. Бидэнд хүсэл мөрөөдөл байсан. Гэвч урлагийн нөхөд тоогоогүй. Тухайлбал, “Камертон”, “Номин талст” нэгдээд Төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн бол сайхан аа. Яг үнэнийг хэлэхэд бидний хүсэл мөрөөдлийг тоолгүй амбицалсан хүмүүсээс болж энэ бүхэн зогссон. “Номин талстай” дүйцэхүйц “Камертон” хамтлаг биднийг тоогоогүй, хүлээж аваагүй. Тэд өөрсдийгөө лаг гэж бодсон. Гэхдээ уучлаарай бид бүгдээрээ лаг байсан юм.
– Та урлагтай амьдралаа салшгүйгээр холбосон Хэрэв дуучин болоогүй бол юу хийх байсан бол оо?
– Миний хоёр дахь мэргэжил сэтгүүлч. Манай ээж аав хоёулаа Монгол хэл, уран зохиолын багш. Тиймээс би багаасаа монгол хэлийг өндөр төвшинд эзэмшсэн, сэхээтэн хүн. Надтай ярьж байгаа сэтгүүлчийн мэндлэхээс эхлээд л дэвтэр үзгийг нь хараад хэр сэтгүүлч вэ гэдгийг нь мэдчихдэг. Тухайлбал, 20 жил дуулаад байхад “Та хэр удаан дуулж байгаа вэ” гэж асуудаг сэтгүүлч бий. Үүнээс залхаж байна. Надтай урлаг ярих гэж байснаа ор хөнжлийн талаар ярьдаг. Олон нийтийн өмнө телевиз радиогоор сексийн тухай асуудаг. Сэтгүүлч хүн хүний дотоод амьдрал руу орох бол ёс зүйтэй байх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Намайг дуучин болоход ээж, аав, монгол хэл минь нөлөөлсөн. Монгол хэл ямар сайхан яруу гэж санана. Орчлонгоос сайхныг нь хардаг нүдтэй, гоёыг хэлдэг уруултай байхад л хүн болж төрсний утга учир харагдана. Үүнээс зөрөх аваас там гэдэг нь тэр. Үүнийг ээж минь надад өвлүүлж, аав минь сургасан. Манай ээж 30 жил, аав минь 28 жил багшилсан. Хоёулаа Ардын боловсролын тэргүүн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой. Тэгэхээр би генээсээ ургаж гарч ирсэн урлаг. Үүнд хамгийн том дөрөө болсон нь “Номин талст” хамтлаг, эмээл минь ард түмэн юм. Магадгүй хэдэн жилийн дараа “Ардын жүжигчин” цол тэмдгээр шагнагдах байх. Энэ үед хэлэх үг минь цээжинд бэлэн байгаа. Хичээсэн нь би. Дэмжсэн нь ард түмэн. Бүтээсэн нь ээж аав. Өгөгдөл нь бурхных байдаг.
– Таны хувьд үлгэр дуурайлал авдаг дуучин бий юу?
– Соёл урлагийн их сургуулийг 2004 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Миний дөрөвдүгээр ангийн дууны багш Монгол Улсын гавьяат Болормаа юм. Үүний дараагаар мэргэжлийн дууны багш Найдалмаагийн шавь болсо. Анх Нэгдсэн Үндэсний Байгууллагын элч дуучин Ариунаа эгчтэй хамтарч “Шөнө дундын бүжиг” дууг дуулж байлаа. Ариунаа эгч миний хоолойг гайхамшигтайгаар өөрчилсөн. Би зөөлөн, уянгалж дуулдаг байсан. Гэтэл намайг тээр шааж, голсон. Надаас өөр шигээ хатуу хоолойг шаардаж, ичтэл ичтэл хэлж байсан. Энэхүү дуу л намайг анх задалж байсан юм. Улмаар би од болж, миний өмнө түгжээтэй байсан олон хаалга нээгдсэн. Гэхдээ нээгдсэн хаалганы тоогоор олон түгжээтэй хаалга гарч ирсэн. Эдгээр хаалгыг онгойлгож өгсөн ганц ах минь бол “Хар сарнай” хамтлагийн Амармандах. Мөн амьдралд ямар ноён нуруутай байх ёстой, урлаг гэж юу болох тухай ойлгуулсан хүн бол “Харангийн” Лхагвасүрэн ах. Өнөөдөр Дэлгэрмөрөн, Амраа, Лхагва гурвыг Рок попын гурван “мангас” гэдэг. Бид энэ нэрэндээ хайртай. Үлгэр дуурайлал минь болдог бас нэгэн дуучин бол “Зууны манлай” эстрадын дуучин Сарантуяа эгч. Энэ хүн нэг өдөр харьцангуй олон дууг амьдаараа дуулсан болохоор энэ зуундаа манлай нь болсон. Энэ хүнээс сурах зүйл их. Хорь гаруй жил дуулахдаа одоо л өөрийгөө дуучин болох нь уу даа гэж боддог. Учир нь дууг дуулах ур ур ухаан нь хүний ухааны чанадад байдаг. Тэрийг олж гарган, өөрийн болгон, амьдралын гол дүртэйгээ нийлүүлж, бусдад ярьж өгөх нь өгөгдсөн бөгөөд төрсөн хүний шинж юм. Үүнд хамгийн чухал зүйл нь хөдөлмөр, тэсвэр тэвчээр. Энэ бүхнийг давж чадаагүй нь нэг сумаар хоёр туулай хөөсөн хүний амьдралыг туулна. Харин эзэн нь байж чадсан хүн алдрын оргилд хүрэх нь гарцаагүй. Та бүхэн Харангын .Лхагвасүрэнгийн цайны газар, Сарантуяагийн гоо сайхны салон гэж сонсож байгаагүй биздээ. Урлаг гэдэг ямар үр өгөөжтэй гэдгийг мэдсэн болохоор тэд энэ салбарт ажиллаж байна. Хойч үе энэ хүмүүсийн араас чимээгүй л явах ёстой. Тэгж гэмээ нь сүүдэрт нь ч болтугай багтана. Өнөөдөр олон хүний түүхт амьдралыг тусгаж байж урлаг ярина уу гэхээс санаа сэтгэлээрээ нийлж хэдэн нөхөр дуу дуулж, СТА тэмдэг зүүчхээд өөрсдийгөө лаг гэж бодвол үүн шиг эндүүрэл байхгүй.
– Ингэхэд таныг сүрхий атаман байсан гэж дуулддаг. Үнэхээр тийм тал бий юу?
– Би эр хүн болгонд хайртай. Тэд хүссэн ч хүсээгүй ч тулаанд ордог. Түүнд би ялагдаж явсан үе бий. Гэхдээ манай үеийнхэн зодуулчихлаа гээд гомдоллож байгаагүй. Зодчихлоо гээд онгирч үзээгүй. Ийм нэг галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе байсан. Би атаман гэдэг үгийг хайж хүрэх цэгт нь очсон. Гэтэл миний очсон цэгт “Атаман” гэж байгаагүй. Зөвхөн “Ухаан” л гэж байсан. Энэ үед би харамссан. Би тодорхой хэмжээний цаг хугацааг алдсан ч надад ирэх ирээдүйн амьдралыг давж нугалах ухаантай болсон. Одоо энэ тухай ярихаар ичмээр. Би халхын сайхан эрчүүдээс “Ахаа яаж атаман болдым” гэж асууж байсан. Хариуд нь “Чи арван сар суучих тэгээд атаман болно” гэсэн. Тэгэхээр нь “Ахаа ядаж гурван сар болохгүй юу” гэж хэлж байсан эргүү тэнэг үе бий. Энэ бүхнийг үзсэний дараагаар би “Халхын шорон хайраа өгдөгийм аа” гэсэн ном бичиж байгаа. Анх найзыгаа эргэх гэж шоронд очиж байсан болохоос өөрөө тийм аймшигтай газар морилж сууна гэж даан ч бодоогүй. Миний бичсэн номыг уншсан аавын хүү амьдралаа сайхан жигдлээд аваад явна. Би энэ номондоо эрх чөлөөгөө алдахын цагт ээжий, аав, эхнэр хүүхдээс өөр хэн ч энэлэн шаналдаггүй юмаа гэсэн ухааныг оруулж өгсөн. Үзсэн туулсан, итгэсэн бүхнээ оруулаад энэ номыг бичиж байгаа. Одоо номоо цаасан дээр буулгах л үдсэн. Хоттой хонио малчин нь мэдэж болно. Хүнээ төр нь мэддийн. Надад хэлэх үг байхгүй. Халхын шорон надад хайраа өгсөн. Атаман гэж тэнд байгаагүй, зөвхөн ухаан л байсан гэж хэлмээр байна.
– Таны амьдралд хэцүү зүйл олон тохиосон. Үүний нэг нь гэргийгээсээ хагацсан хүнд үе чинь …?
– Хамгийн хэцүү нь ээжээсээ хагацах. Хүн бол ээжийг эрээд эрээд олдоггүй юм. Эхнэр олдоно. Би ээжээсээ илүү хэн нэгнийг урдаа гаргамааргүй байна. Дурлал гэж олон, хайр гэж ганцхан. Би таны асуултыг ойлгож байна. Гэхдээ би хэн нэгний үрийг биш, намайг арван сар хэвлийдээ тээж, ангир уургаа амлуулсан Олохонуд овгийн Өлүн эхийн удамт ээжийгээ дурсмаар байна. Би хангалттай хэн нэгнийг ярьж, уйлсан. Одоо болоо. Миний өнгөрөөсөн хувь заяа, харамсмаар, гутмаар, үхээд өгчихмөөр. Яахав охин үр маань байгаа болохоор даваад гарлаа. Ах нь үхэхээс бусдыг үзсэн. Хоёрдугаар ангид байхдаа хогны машинд хөлөө тас тайруулж байлаа. Чөмгөө гойжсон ясаараа цемент дээр гишгэх нь өвдөлт өвдөлтийн дээд гэж тухайн үед бодсон. Би эхээс хоёулаа. Доороо хэлгүй дүүтэй. Би дүүгээ хэлтэй болгох гэж энэ насаараа хичээж явна. Ээж минь өөд болсны дараа жил нь эхнэр минь хорт хавдрын улмаас бурхны оронд залрахад үхмээр санагдсан үе надад бий. Тиймээс зовлон зовлонгийн дээд нь хүсээгүй хагацал болохыг ойлгосон. Хүн бүхэн үүнийг үзнэ. Эртдээ юу, оройдоо гэдэг нь ялгаатай. Би эд эрхтэн бүтэн хүмүүс энэлэн шаналан явахыг харах дургүй. Эд эрхтэн бүрэн хүн хөлгүй, гаргүй хүний хажууд дуугүй бай. Хөлгүй, гаргүй хүн хэлгүй хүний хажууд дуугарах ч хэрэггүй. Орчлонд өөрийгөө илэрхийлж чадахгүй байх шиг зовлон байхгүй. Дээрх гурван хүн сохор хүний дэргэд бүү амьсгал. Үүний хажууд миний зовлон зовлон биш.
– Та одоо хэн нэгэнтэй болзож байгаа юу?
– Надад үерхэж болзсон хүн байхгүй. Олон сайхан найз бий. Бусадтай л адил яваа. Ахад нь ахиад түүнийг минь нөхөх хайр байхгүй. Магадгүй энэ насандаа ам гарч байж болох юм. Гэхдээ зүрхэнд минь тамгалагдсан тэр орон зайг чөлөөлөхөд мөн ч их цаг хугацаа орно доо. Жинхэнэ хайрыг эдэлсэн хүнийхээ хувиар хэлж байна. Тэр миний хувьд дурлал, хэдхэн жилийн үерхэл байгаагүй. Энэ насны минь хань, хос баганын минь нэг байлаа. Ахиад түүнийг нөхөж, орон зайг дүүргэх зүйл үгүй. Миний оюун ухаанд тэр хүн амьд хэвээрээ байгаа. Би бусдаас эд эрхтнээрээ дутуу төрөөгүй ч энэ зүрх сэтгэлийнхээ хувьд хэтэрхий их эмтэрсэн. Түүнийг ахиад шинэ хайраар нөхөх хэрэггүй.
–Таныг хэрэгт орооцолдож, хүнд хэцүү байх үед хэн хамгийн их тусалсан бэ?
– Ганцхан л тэр минь. Өөр тусалсан маш олон хүн бий л дээ. Гэхдээ хүний сэтгэлийг сэргээж чадах ганцхан зүйл нь хань ижил. Анд, нөхөд эргэж ирэхээр дагаад л гүйчихмээр, гэхдээ төрөө хүндлэх ёстой. Хүн болгонд сонголт бий. Хүн зорьсон зүйлдээ, хийсэн үйлэндээ эзэн байх аваас сайхан үр өгөөжийг хүртдэг юм байна гэдгийг 38 наслахдаа мэдэж авсан.
–Та сая миний амьдралын утга учир охин минь гэлээ. Охин тань одоо хэд хүрч байгаа вэ, Тантай адил дуучин болохыг хүсдэг үү?
– Одоо 11-тэй. Охин минь миний хайр, бид хоёрын үргэлжлэл. Тэр ээжийнхээ итгэлийг дааж, аавынхаа хүслийг биелүүлж байгаа. Хөгжим бүжгийн сургуулийн дөрөвдүгээр анги. Сая дэлхийн 58 орны хүүхдээс түрүүлж Нью-йорк Kарнеги холл гэх театраас сертификат авчирлаа. Ардын жүжигчин Чулууны наадмаас тусгай байрын шагналыг хүртсэн. Миний охин амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаа. Харин охиноо дүүтэй болгомоор байна. Би эхээсээ хоёулхнаа учраас хүний цөөн ямар байдгийг мэднэ. Энэ бол эцэг эхийн хариуцлагагүй зүйл. Магадгүй үйлийн үр байх. Гэхдээ надад ингэж хэлэх эрх байхгүй. Зүгээр л ганцаараа хүний олуулаа байхыг хүссэндээ хэлсэн үг юм.
– Охиноо дүүтэй болгохыг хүсдэг гэлээ. Тэгэхээр сайхан хайртай учрах бодол бий байх нь ээ?
– Одоо ахыг нь хайрлаад л. Би түүнд дурлах тийм эрч хүч алга. Би хорьтой биш. Хүн хайрлах хайр надад бий. Гэхдээ анх хараад л дурлаад, үерхэж, кино үзэж, цусаа гартал зодолдож, тэврэлдэж, салж нийлнэ. Үүнтэй л адил цаг хугацааг өнгөрөөж, хайрыг олж амьдрал эхлүүлсэн. Түүнээс хойш 18 жил өнгөрч. Гэхдээ ахиад энэ үйлдлээ давтах утгагүй. Миний хайр дэндүү амттай байсан.
– Танай хамтлагаас улс төрийн замыг сонгосон хүн хүртэл бий. Та их үндсэрхэг хүн. Тиймээс магадгүй цаашид улс төрд хүч сорих уу?
– Тэд улс төрийг сонгоогүй. Улс төр тэднийг сонгосон. Учир нь манай хамтлагийг 20 жил удирдаж ирсэн Батсүх ямар нэгэн зүйлийг зохион байгуулахад хангалттай бэлтгэгдсэн. Би тэднийг төрийн албыг сайн хашиж байгаа гэж харж байна. Надад улс төрд орох сонирхол байхгүй. Улс төрийн хүн өөрийн дураар байж чаддаггүй, хүнд олзлогдсон хүмүүс шиг санагддаг. Над шиг өөрийн дураараа дуугаа дуулж, хүнтэй уулзаж чадахгүй. Харин миний хэрэг байвал БСШУС салбарт орох дуртай. Би хэн нэгэн байгууллагын урлаг соёлын төлөөлөгч, Хөвсгөл аймгийн Драмын театрын дарга байж чадна. Үүний горыг үзчихсэн хүнийхээ хувьд, төр надад даалгаж байвал хариуцлагатай хийнэ. Түүнээс улс төрийн тэмцэл, маргаан дунд байх гэж төрсөн хүн бол би биш. Хүн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй. Амьдрал хэцүү ч гэсэн өмнө нь амьдраад өөд болсон хүмүүс хэрхэн амьдрах ухааныг сургасан үгс байдаг.
– 20 жилийн өмнөх өөрийгөө одоо байгаатайгаа харьцуулбал?
– Маш их хиртсэн, санаа суусан, хохирсон, хэтэрхий их жаргасан. Одоогоос 20 жилийн өмнө хиргүй, жаргал зовлон бага байсан. Хүн хөгшрөөд эмээ, өвөө болохоороо эрх эргүүлж эхэлдэг. Энэ нь зузаарсан болгоныг нимгэлэх гэж тэр. Эцсийн эцэст хүн бүр шүүлтүүрт орно. Яагаад 49 хоног байдаг гэдгийг үүгээр тайлбарлаж болно. Ах нь очоогүй газар, мөргөөгүй хүн гэж байхгүй.
– Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч явдаг вэ. Үнэхээр эмзэглэдэг ямар сэдэв байна вэ?
– Эмзэглэх зүйл байхгүй. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш Монгол Улс нэг л үеэ үдэж дууссан. Бид нэгхэн үеэ өнгөрөөсөн хэрнээ өнөөдрийн нийгмээ таван үеэ үдсэн Япон, Америк, Оростой зүйрлүүлээд харвал ууж идэж, байгаа бүхэн нь ижил байна. Тиймээс зүйрлээд байх шаардлага байхгүй. Учир нь бидний хүнийх нь хөгжил хөгжөөгүй. Бидэнд оюун ухаан ген байгаад байгаа боловч хүн нь юм үзэж нүд тайлаагүй. Хэтэрхий залуу ард түмэн. Тийм болоод гадагшаа хэдэн мянгаараа гарч байгаа ажиллах хүч эргэж ирэхгүй байгаа юм. Хэрэв хэд хэдэн үеэ үдсэн байсан бол бид өөр байх байсан. Ардчилсан Солонгос шиг амандаа байгаа алтан шүдээ цуглуулж байгаад эх орныхоо төлөө өгөх л байсан. Бидэнд эх орныхоо төлөө зовох сэтгэл алга. Өнөөдөр өвөг дээдсээ хүндлэх ухаан, өв уламжлалаасаа холдсон. Тухайлбал, Монгол дээлэн дээр шляпан малгай, бакаль өмсчихдөг. Уул нь мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, түшигт төрийн Монгол гутал нийлж байж Монгол дээл болно. Тооно, унь, багана, хана дөрөв нийлж байж гэр бүтдэгтэй адил. Миний нүд аливаа зүйлийг зовлонгоор хардаггүй. Эмзэглэх ганц зүйл нь хүний хувь заяа, үйлийн үр байна. Жишээлбэл, чимээгүй үхэл, эзэн нь олддоггүй аллага, хэрэг, оффшор. Олуулаа идэх хоолыг ганцаараа аваад нуучихсан нь үйлийн үр. Бид харьцангуй тайван эх оронд амьдардаг ч дайнтай улстай адил амьдарч байгаа. Эзэн богд Чингис хааныхаа нэрийг барьж, нүүрийг барагч хийгээд, эрдэнийн сувдан хөрсийг уудлан төнхөгч хүн энэхэн орчлонгийн үүрдийн нүүргүй гуйлгачин гэдгийг би хэлмээр байна.
– Урлаг соёлын одод сайн үйлсийг их хийж байна. Та хэр их сайн үйлс хийдэг вэ?
– Хамгийн анхны тоглолтын билетийг мөнгөөр биш хуучин хувцсаар зарж байлаа. 360 мянган хувцсыг гуталтай нь зургаан дүүргийн эмзэг бүлгийнхэнд “Улаан загалмайн нийгэмлэг”-ээр дамжуулан тарааж өгсөн. Улмаар Дэлхийн “Улаан загалмайн нийгэмлэг”-ээс “Нигүүлсэл” хэмээх одонгоор шагнуулсан анхны дуучин болсон. Мөн Азийн 16-р Олимпын хаалтын дууг дуулсан анхны Монгол дуучин Товуухоролын Дэлгэрмөрөн юм.
– Та Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжиж байгаа вэ, яагаад?
– Би МАН-ын гишүүн. Би намынх нь гишүүний хувьд М.Энхболдыг дэмжих ёстой. Иргэнийхээ эрхийн хувьд хэнд сонголт өгөх нь миний эрх. Ард түмэн итгэл даалгаж 65 суудлыг МАН-д өгчихсөн. Тэгэхээр засгийн газар нь МАН-д байна гэсэн үг. Одоо төрийн тэргүүнээ сонгоно. Хэрэв засгийн газар, төрийн тэргүүн, УИХ гурав хоорондоо таарахгүй бол бидний алтан боломж хаагдана. Бидний харсан зүг нэг байхын бол алтан боломж байхыг үгүйсгэхгүй. Ямарваа нэг зүйлд сөрөг хүчин байх ёстой байх. Гэхдээ миний бодлоор нэгдмэл нэг оюун ухаанд тулгуурлавал зовлонг гэтлэх юм шиг санагддаг. Би дөрвөн ерөнхийлөгч, зургаан УИХ-ын сонгуульд дуулж явсан хүн. Тиймдээ АН, МАН хоёроо дэндүү сайн мэднэ. Би МАН-д саналаа өгч Энхболдыг дэмжиж байгаа.
– Хятадуудын тухай сүүлийн үед ихээр талцах боллоо. Энэ тал дээр таны бодол?
– Би шаахай угласан хятадуудын тухай ярих дургүй. Харин дэлхийг чимсэн гайхамшигт 2008 оны Бээжингийн олимпыг дурсах дуртай. Тус олимпыг ямар сайхан зохион байгууллаа даа. Гэтэл тэр гуйлгачдыг битгий ярь. Бид тийм зүйл ярих төвшний дорд ард түмэн биш.
– Та тэр морьтой хүнийг дайрч буй, Чингис хааны хөргийг доромжилж буй бичлэгийг үзсэн үү. Ямар сэтгэгдэл төрж байв?
– Үзсэн. Зөв гэж бодсон. Яагаад гэвэл бидний хаан биш. Тэр бол Хубилай хааны манай өвөө нэг иймэрхүү хүн байсандаа гэж төсөөллөөрөө зуруулсан зураг. Бидний хэн ч Чингис хааныг хараагүй. Чингис хаан бол жинхэнэ хаан. Харин жинхэнэ хаан бол Монгол хүний зүрх сэтгэлд оршин байгаа. Тэр хятадын доромжилж байгаа зүйл бол ердөө л зураг. Хүний сэтгэл зүрхэнд байгаа зүйлийг хэн ч яаж ч доромжилсон нөлөөлөхгүй. Жинхэнэ хаан миний зүрх сэтгэлд оршин байгаа. Хэн ч надаас түүнийг булааж чадахгүй.
– Та улсын тусгаар тогтнолын хамгийн том дархлаа нь юу гэж боддог вэ?
– Хамгийн том дархлаа бол хэл, ёс заншил. Өвөр Монголын мэргэн ард Болор хэлэхдээ “Ар Монголчуудын бичиг нь хэвтээ хэрнээ зориг нь босоо, Манай Өвөр Монголчуудын бичиг нь босоо хэрнээ зориг нь хэвтээ байна” гэж байсан. Энэ бол маш том дархлаа. Бид энэ эрчээ алдаж болохгүй. Монгол хүний дархлаа Монгол хэл, соёл, уран зохиол. Бусад нь зөвхөн хэрэглээ. Манай улс бусад улс орон шиг газар орноо ухаж, төнхөж хэн нэгний бодлогоор амьдардаг ард түмэн болоогүй. Онгон дагшин байгалиараа үлдэж чадсан. Өнөөдөр түүнийг үзэх гэж дэлхийн улс орноос хүмүүс ирж байна. Энэ л бидний олз болж үлдэх байх. Гэхдээ нүүдэлчдийн ахуй амьдралыг үзэхээр ирэх тэр үед монголчууд морин дээрээс “hello” гэж хэлэх вий дээ.
– Монголын рок попын хөгжил өнөөдөр зогсонги байдалд орчихов уу даа. Та хэд шиг цойлж гарч ирэх юм ч алга. Энэ тухай бодлоо хуваалцаач?
– Үнэн. “Номин талст”-аас доош хамтлагийг хамтлаг гэж харахаа байсан. Хараал ярьсан хип хопчид, америк, орос, солонгосыг дуурайсан л хүмүүс байна. Сайхан монгол хэл, ая сонсогдохгүй байгаа. Дээхэн үед хийгдэж байсан эстрадын дууг гүйцэх дуу одоо гарч ирж байна уу. Шинээр гарч ирж байгаа хүүхдүүдийн үг хэл нь ойлгогдохоо больсон. Би Өвөр Монголын тайзан дээр очоод өөрийгөө Майкл Жексон шиг төсөөлдөг. Надад яг л тэгж ханддаг. 10 жилийн өмнө Өвөр Монголчуудын урлаг манай эстрад урлагаас хөгжлөөрөө 30 жилийн хойно явж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийд хэрэглэж байгаа техник технологийг Өвөр монголчууд хэрэглэж байна. Бидний үзээгүй хэрэгслээр тайзаа засаад эхэлсэн. Би таван жилийн турш тэдэнтэй хамт дуулж байна. Техник технологио дагаад урлаг нь маш гайхалтай хөгжиж байна. Гэтэл “Номин талст” 15 жилийнхээ ойг хийх гээд Солонгосоос мэргэжлийн техникийг авчраад UB palace-д тоглуулах гэтэл хөгжимнийх нь бүх залгуур буруу байсан. Бид одоог хүртэл иймэрхүү техниктэй л дуулж байна. Манай Монголын төр үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. “Авьяаслаг Монголчууд”, Universe best songs наадмаас чадварлаг залуус гарч ирж байна. Тэр гарч ирж байгаа залуусыг дэмжээд продюсерлээд цааш нь аваад явах баг хамт олон Монголд алга. Тухайлбал, Хишигдалай, Номинжин, Маралжингоо, Цэлмүүн, Агиймаа гэх мэт. Тэд өнөөдөр мөнчгөрөөрөө явсаар л байна. Хүмүүст сайн муугаараа хэлүүлээд л. Гэтэл энэ хүүхдүүд ямар гайхалтай авьяастай гэж санана. Хэрэв энэ хүүхдүүдийг продюсерлээд, дуулах урлагийг зааж өгөөд, дэмжээд явсан бол өдийд цахиур хагалж байгаа. Үүнийг ингэж хөгжүүлэх зүрх сэтгэлтэй хүн ч алга.
–“Номин талст”, “Камертон “хоёрын аль нь яг илүү олон фэнтэй байсан юм бэ. Хооронд нь харьцуулж одоо болтол хүмүүс ярьдаг шүү дээ?
-“Камертон” чанартай фэнтэй. Харин “Номин талстын” фэнүүд Монголчууд тэр чигээрээ. “Камертон” бол сайн хамтлаг. Учир нь мэргэжлийнх бөгөөд хөгжим бүжгийн коллежид сурч, боловсорсон. Ноотоо мэддэг өгөгдмөл авьяастай хүмүүс. Харин бид бол төрмөл бөгөөд билэг авьяасынхаа хувьд илүү. Бид дөрөв нийлэхийн бол хэнд ч дийлдэхгүй. “Камертон”-оос илүү гэдгийг ярих шаардлагагүй.
–Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
-Охин үрээ дүүтэй болгомоор байна. Өөрөө эрчтэй эрэмгий сайхан эр хүн, аав л байхыг хүсдэг. Би ахиад өмнөх шигээ хагацлыг үзмээргүй байна. Учир нь ахиж давж чадахгүйгээ мэдэж байгаа болохоор. Хүүхдэдээ олон дүү үлдээмээр байна. Бусдыг нь надад бурхан өгчихсөн. Одоо “Ардын жүжигчин” болтлоо хичээнэ.
– Бидний ярилцах урилгыг хүлээн авсан танд баярлалаа.