Шинэ жилийн баяр мэдээж хамгийн сайхан нь. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гайхалтай мөчид сая сая жуулчдын зорьж очдог хотуудыг танилцуулъя.
ПАРИС /ФРАНЦ/
Парисын Эйффелийн цамхгийн доохноос гэрлийн үзүүлбэр, салютыг харан баясаж, эсвэл Сена мөрнөөр завьтай зугаалахаас илүү романтик Шинэ жил гэж хаана байх билээ? Хайрттайгаа хоёулхнаа, романтик мөчийг мөрөөдөгсдөд хамгийн тохирох газар. Парисын гудамжаар шөнө дөл хүртэл гартаа оргилуун дарс барьсан, бүжиглэж, дуу хуурдаж, баярлан цэнгэж байгаа хотын уугуул иргэд, бас гаднын жуулчид хаа сайгүй таарна.
ЛОНДОН /АНГЛИ/
Алдарт “Биг Бен” цамхгийн хонхны жингэнэх чимээ, гайхалтай гэрлийн үзүүлбэр гээд Лондонгийн шинэ жил үнэхээр гайхалтай. Жил бүр 250 мянга гаруй хүн Темза мөрний эрэгт цуглаж, хүссэн үдэшлэг, сонирхсон клубтээ очиж, цэнгэдэг. Хотын захиргаанаас зохион байгуулдаг гурван цаг үргэлжлэх шоунд 10 мянга гаруй уран бүтээлч оролцоно. Залгуулаад шөнөжин үдэшлэг, парад тасрахгүй. Хөгжмийн хамтлаг, өнгө өнгийн гоёмсог чимэглэл, нүд гялбам ганган хувцастай бүжигчид, Хатан хааны морьдыг хөлөглөсөн сүйх тэрэг, элдэв төрлийн амтат зууш хүссэн бүхэн тэнд бий.
НЬЮ-ЙОРК /АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС/
Шинэ жилийн өмнөх үдэш Нью-Йоркийн алдарт Таймс Скверт болдог гайхалтай үдэшлэг, цэнгүүн зуун дамнан өнгөрөхөд огтхон ч тасалдаж байсангүй. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш 11.59 цагт Нью-Йоркийн тэнгэр бүхэлдээ өнгө өнгийн гоёмсог цаасан салютад хучигддаг. Энэ гайхалтай мөчийн төлөө сая сая хүн шинэ оноо угтахаар Нью-Йоркийг зорьдог.
БАНКОК /ТАЙЛАНД/
Цэнгүүн, үдэшлэгээрээ алдартай энэ хот Шинэ жилийн баяраа өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой Азийн хотуудын нэг. Арванхоёрдугаар сарын 31-нд Банкокийн бүхий л бар, клуб аялагч, жуулчдын хөлд дарагдаж, Сентрал Уорлд талбайд хэдэн арван мянган хүн цуглаж, баяраа тэмдэглэдэг. Олон төрлийн хоол, зууш, дарс, гэрлийн үзүүлбэр, салют гээд дутуу юм гэж үгүй. Гэр бүлээрээ яваа хүмүүс Asiatique нэртэй шөнийн захаар орохгүй явбал алдас болно.
ВАЛПАРАЙСО /ЧИЛИ/
Чилийн соёлын нийслэл гэгдэх Валпарайсо хот Номхон далайн эрэг дагуу уулс, толгодын дунд орших гайхалтай газар юм. Латин Америкт хамгийн томд тооцогдох Шинэ жилийн үдэшлэг энд л болдог. Гурван өдөр тасралтгүй үргэлжлэх баярт сая сая жуулчид зочлон очно. Айсуй онд азтай байхыг бэлгэдэж, хотын оршин суугчид шар өнгийн дотуур хувцас өмсч, шөнөжин усан үзэм иддэг. Бас гутал дотроо 1000 песогийн дэвсгэр хийдэг гэнэ. Шинэ жилийн өмнөх үдэш эргийн дагуу 17 байрлалаас салют буудуулах нь далайн усан дээрх өнгө өнгийн усан оргилуур мэт үзэсгэлэнтэй харагддаг ажээ.
РИО-ДЕ-ЖАНЕЙРО /БРАЗИЛ/
Бразилын соёлын нийслэл Рио-де-Жанейро хот Карнивалаараа алдартай. Харин Шинэ жилийн үдэш хотын хамгийн алдартай Копакабана наран шарлагын газарт маш өргөн цар хүрээтэй үдэшлэг болдог. Ирэх жил аз дагуулна гэж бэлгэддэг цагаан өнгийн хувцас өмссөн бараг хоёр сая хүн жил бүр тэрхүү үдэшлэгт саатаж, зугаацдаг. Оргилуун дарс шимж, самба бүжиглэж, бие биедээ цэцгийн хэлхээ бэлэглэнэ. Шинэ он солигдох мөчид завинаас өнгө өнгийн гайхалтай салют буудуулдаг.
ХОНКОНГ /ХЯТАД/
Дэлхий дээрх магадгүй хамгийн сайхан салютыг тэндээс харж болно. Виктория боомт даяар гэрлийн үзүүлбэр үзэгдэж, нүүргэлсэн чимээ сонсогдож, Таймс Сквертэй адил асар том бөмбөг унагаж, цаасан салют буудуулна. Тэр бүгдийг тэнгисийн усанд завинаас харах хамгийн үзэсгэлэнтэй.
ДУБАЙ /АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ/
Дубайчууд 2014 онд эргийн дагуу 400 цэгээс зургаан минутын турш 479651 удаа салют буудуулж, Гиннесийн дээд амжилтын рекорд тогтоосон. Жил бүр он солигдох мөчид дэлхийн одод Дубайд цугладаг бараг л уламжлал бий болжээ.
САНКТ-ПЕТЕРБУРГ /ОХУ/
Санкт-Петербургийн өргөн чөлөө, гудамж талбай, гүүрэн дээрх гэрлэн чимэглэл хэчнээн үзэсгэлэнтэй гээч. Шинэ жилийн үеэрх Эрмитажийн гэрлэн чимэглэл ч мөн гайхалтай. Жил бүр он солигдох мөчид хэдэн зуун мянган хүн Нева мөрний эрэгт цуглаж, салют буудуулахыг хүлээдэг. Тэд оргилуун дарс буудуулж, шөнийн тэнгэрт цаасан дэнлүү хөөргөдөг. Хотын гудамжаар Өвлийн өвөө, цасан охинтой хаа сайгүй тааралдана.
ХАВАЙ /АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС/
Дэлхий дээр хамгийн сүүлд шинэ оноо угтахыг хүсч байвал Хавайг зорих хэрэгтэй. Тропикийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, наран шарлагын газраас өнгө өнгийн гэрлийн шоу үзүүлбэр, салют харах боломжтой.
С.ЦЭЛМЭГ