“Залуу малчид уяачдын үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 11-нд Төрийн ордны их танхимд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ тухай “Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ны ажлын албаны дарга Ч.Үлэмжхүүтэй ярилцлаа.
-Залуу малчид, уяачид маань анх удаа үндэсний хэмжээнд зөвлөлдөх гэж байна. Хэдэн аймгаас төлөөлөл ирэх вэ?
-“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ноос анх удаа энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. 21 аймгийн 330 гаруй сумаас малчид, уяачдын төлөөлөл ирнэ. Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам дэмжин хамтран зохион байгуулж байна. Тэд залуу малчид, уяачдад зориулан хэрэгжүүлж буй төрийн бодлого, хууль, хуулийн төслүүдийнхээ тухай холбогдох мэдээллийг өгөх юм.
-Зөвлөгөөнөөр анхаарал татаж байгаа ямар сэдвийн тухай ярилцах вэ?
-Зөвлөгөөнд ирсэн малчид, уяачдын дуу хоолой, санал сэтгэгдлийг сонсох, тэдгээрт зориулан хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр, үйл ажиллагааг танилцуулах, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөлд санал авч, тусгана. Энэ хуулийг батлуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалж, манай холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга ажлын хэсэгт нь бий. Зөвлөгөөний дараа хуулийн төслийг өргөн барих байх.
-Хурдан морины уралдаантай холбоотой сөрөг мэдээлэл их гарч байна. Энэ тал дээр танай холбоо ямар байр суурьтай байдаг вэ?
-“Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-ноос хурдан морины уралдааныг эмх цэгцтэй, хуулийн дагуу зохион байгуулахыг дэмжиж оролцдог. Эрлийз морины асуудалд, хуулийн төсөлд нэмэлт оруулах хэлэлцүүлэгт манай гишүүд санал бодлоо хүргэх байх.
-Одоогоор хэдэн хүн оролцохоор танай холбоонд хүсэлт тавьсан бэ?
-Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 гаруй төлөөлөгч оролцоно. Энэ зөвлөгөөний гол зорилго нь залуу малчдад тулгамдаж буй асуудал юу байна вэ. Ямар дэмжлэг хэрэгтэй тухай зөвлөлдөх юм. Мөн унаач хүүхдүүдийн асуудал гээд яамныхан байгаа дээр ярилцаж, зөвлөлдөх, малчдын дуу хоолойг төрд хүргэх гээд олон талын ач холбогдолтой. Бид бүртгэлээ нээлттэй хэлбэрээр явуулж байна. Хөдөө орон нутгийн малчид утсаар бүртгүүлж болно. Мөн “Монголын морин спорт залуу малчдын холбоо”-ны цахим хуудаст хандаж цахим хэлбэрээр бүртгүүлээрэй. Үүнээс гадна манай холбооны байран дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой. Бид ямар нэгэн шаардлага тавиагүй. Тиймээс манай зөвлөгөөнд нээлттэй оролцоорой гэж уриалмаар байна.
-Унаач хүүхдүүдийг үнэмлэхтэй болгоно гэж байсан. Энэ ажил ямар шатанд явж байна?
-Унаач хүүхдүүдийг үнэмлэхжүүлэх төсөл хөтөлбөрийг бид холбоон дээрээ боловсруулан ажиллаж байна. Зөвлөгөөний үеэр энэ тухай танилцуулга илтгэл тавина.
-Тэгэхээр үнэмлэхгүй хүүхдүүд уралдахгүй гэсэн үг үү?
-Энэ асуудлыг бид хуулийн төсөл дээр нэмэлтээр саналаа оруулна. Хуулиндаа батлагдвал мөрдөх байх. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл хүүхдүүд тодорхой сургалтад сууж байж үнэмлэхээ авна. Тиймээс уралдааны замд гарах эрсдэл, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах тухай тодорхой мэдлэгтэй болох юм.
-Холбооныхоо үйл ажиллагааны тухай тодруулаач?
-Манай холбоо 2016 оны аравдугаар сарын 07-нд анхдугаар чуулганаа хийж байсан. Тухайн үед 18 аймгийн 200 гаруй төлөөлөгч оролцож, Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, дүрэм журмаа баталсан. Үүнээс хойш 20 аймагт салбар холбоогоо байгуулж, залуу малчид, уяачдын дуу хоолойг сонссон байна. Үүнээс онцолбол 2017 онд “Залуу малчдаа дэмжих аян”-ыг өрнүүлж, 21 аймагт малчин гэр бүлүүдийг дэмжиж, 50 эм төлөг гардуулсан гээд олон ажлыг амжилттай зохион байгуулжээ.
Ч.Гантулга