Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, “Би улстөрийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний хувьд улстөрийн шийдвэр гаргаж тодорхой хугацааг өнгөрөөсөн. Ямар нэг байдлаар ажлаа муу хийснээс өгч байгаа зүйл биш. Нөхрийг бодсон монгол хүний жудгаар ажлаа өгсөн. Ё.Баатарбилэг сайдад хамт олноо халуун дулаанаар танилцуулан үлдээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Жил гаруйн хугацаанд бид боловсролын салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан” гээд шинэ сайдад ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа амжилттай хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллахыг хүсье” гэлээ.
Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсжээ.
Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, төрийн албанд 20-иод жил ажилласан туршлагатай юм.