Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал (СТА), дуурийн дуучин Д.Дуйнхоржав (СТА), дуучин Н.Наранбаатар (СТА) нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон.
“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолж байлаа.
Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали уг арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид эрчим хүч, боловсрол, худалдаа, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд байгааг дурдаж, “Монголын дуурийн үдэш” нь соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүчин чармайлт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
“Монгол дуурийн үдэш” арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг болох Индонезтэй бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, соёлын харилцаа нь хоёр орны ард түмнүүдийг харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Түүнчлэн дуулах нь нүүдэлчин ард түмний амьдралын чухал хэсэг бөгөөд энэ нь монгол хүн бүрийн цусанд шингэсэн соёл юм гэж онцлов.
Дэд сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн Индонез Улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзаж, “Монгол дуурийн үдэш”-ийг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн Индонез дах Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтан Ч.Нямдоржид талархал илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ