Монголын Урлагийн Зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран тэгш оролцоот нийгмийн сурталчилсан гэрэл зургийн бүтээлийг шалгаруулах “Зүүм” гэрэл зургийн уралдааныг зарлажээ.
Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV бага хурлаар 1995 онд зарласан “Бээжингийн Тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 25 жилийн ой, НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан "Би бол тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч" аяныг буухиалж, дээрх хоёр байгууллага хамтран Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл гэрэл зургийн аяныг санаачлан хэрэгжүүлж буй.
Аяны хүрээнд хүний эрх, жендер, тэгш эрхийн болон гэрэл зургийн орчин цагийн хандлага, техникийн мэдлэг олгосон 10 цуврал сургалтыг 2020 оны зургадугаар сарын 27-ноос 2020 оны долдугаар сарын 9-ний хооронд Австрали улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Төслийн хоёрдугаар хэсэг “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдаан бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, бүтээлүүдээр дамжуулан нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эрх тэгш байдал, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, цаашлаад олон нийтэд таниулах зорилготой аж.
Уралдаан нь мэргэжлийн гэрэл зурагчид болон шинэ авъяастнуудад (гэрэл зураг сонирхогч) гэсэн хоёр ангилалд тэдний үзэл санааг илэрхийлэх, дуу хоолойг хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ.
“Хөрөг” болон “Ажлын байр” хоёр төрөлд эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл хүлээн авах юм байна.
Бүтээлд тавигдах шалгуур:
ХӨРӨГ бүтээл:
Жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх тэгш байдлыг хангах агуулгыг хөндсөн
Хар цагаан
Зурганд орсон хүнээс бичгээр зөвшөөрөл авсан
3000х2000 пиксел, 3 мб доошгүй хэмжээтэй
Зурагт цээжнээс дээш биеийн хэсэг орсон?
Нэг ба түүнээс олон хүн багтаасан
Зургийн тайлбар 300 үгтэй эссэг хавсаргасан
Бүтээлч хандлагатай
АЖЛЫН БАЙР бүтээл:
Хөдөлмөрийн зах зээл дах жендерийн асуудал хөндсөн
Жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх тэгш байдлыг хангах агуулгыг хөндсөн
Ажлын байран дах тэгш эрхийн тэнцвэрийн тухай
Зурганд орсон хүнээс бичгээр зөвшөөрөл авсан
Нэг болон цуврал зургаар илэрхийлсэн
3000х2000 пиксел, 3 мб доошгүй хэмжээтэй
Зургийн тайлбар 300 үгтэй эссэг хавсаргасан
Бүтээлч хандлагатай
Шилдэг бүтээлүүдээр “НҮБ-ын өдөр” буюу 2020 оны 10 сарын 24-ний өдөр үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулна.
Шагналын сан:
Шилдэг Хөрөг бүтээл /Мэргэжлийн/: 1.000.000 төгрөг
Шилдэг Ажлын байр бүтээл /Мэргэжлийн/: 1.000.000 төгрөг
Шилдэг Хөрөг бүтээл /Сонирхогч/: 500.000 төгрөг
Шилдэг Ажлын байр бүтээл /Сонирхогч/: 500.000 төгрөг
Олны хүндэтгэлийг хүлээсэн бүтээл: 500.000 төгрөг
Та бүхэн өөрийн товч танилцуулга болон гэрэл зургуудыг тайлбар эссэний хамт МУЗ-ийн [email protected] хаягаар болон МУЗ-ийн https://www.facebook.com/RedGerArtGallery/ нүүр номын цахим хуудсаар 2020 оны 9 сарын 20-ны дотор илгээх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчдын 88004205, 89070887 болон МУЗ-ийн 11-319017 дугаарын утсаар авах боломжтой ажээ.
Э.ЭГШИГЛЭН