Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо.
Соёлын сайд С.Чулуун аяны нээлтийн үеэр хэлэхдээ, “2020 оны сонгуулийн үр дүнд Соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдлаа. Шинэхэн байгуулагдсан тус яам монгол хүн бүрийн ялангуяа соёл, урлагийн салбарынхны хүсэн хүлээж байсан гал голомт юм. Соёлын яам байгуулснаар соёл урлагийн салбарынхан өөрийн түших тулах, зовлон жаргалаа хуваалцах, ажил үйлсээрээ хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү боломж нь монголын ард түмэнд хүртээмжтэй, монгол түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн эхлэл болох юм. Энэхүү аянд нэгдэж буй соёл, урлагийн байгууллагууддаа болон нийт уран бүтээлчид, ард иргэддээ сайн сайхныг хүсэж, “Соёлын цаг” аян албан ёсоор нээж буйг хэлэхэд таатай байна” гэлээ.
Тус аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл, урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулахын зэрэгцээ дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх юм.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттай нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн биеийн тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа.
“Соёлын цаг” аянаараа дамжуулж иргэддээ соёл, урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв. “Соёлын цаг” аяны нээлтэд театр, музей, номын сан, төрийн өмчийн 20 гаруй байгууллагууд оролцсон бөгөөд тус аян 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.