Дашнямын Бямбацогт хэмээх жүжигчинг та бүхэн “Ноён солиот”-ын дүрээр андахгүй. Харин одоо бол “Улаан эрэг” киноны Коминтерний төлөөлөгч Балданов болоод байгаа. Тэрээр чөлөөт уран бүтээлч, бас багш болсон. Мөн хүүхдэд зориулсан уран бүтээлд анхаарлаа хандуулсан нь дээр гэж боддог.
-Таныг жүжигчин Бямбацогт гэхээс илүү Коминтерний төлөөлөгч л нүдэнд харагдаад байдаг болчихсон. Одоо бол нөхөр Балданов сайн байна уу? гэж мэндэлмээр байна.
-Балданов гэж хараад байна гэнэ ээ?
-Харин тийм ээ. Би “Улаан эрэг” киноны үзэгчийн зүгээс тантай ярилцаж байна? Энэ дүр үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайн дүр болж чадсан.
-За баярлалаа. Энэ дүрээр минь намайг нэрлэсэн хамгийн эхний хүн чи боллоо. Дүрийг сайн, муу болсныг үзэгчид л бодитоор шүүнэ шүү дээ. Анх надад Содномын дүрийг санал болгосон юм. Гэтэл Содномд тоглосон манай Баярмагнай ах Эрдэнэтээс ирлээ. Хоёулаа энэ кинонд эсрэг талын хүмүүс болох юм шиг байна “Би Содном, та Балданов юм биш үү?” гэтэл Магнай ах “Үгүй ээ найруулагч намайг Содном гэсэн” гэдэг юм байна. Тэгээд бид ерөнхий найруулагч Даваахай, туслах найруулагч Сараа эгч хоёроос хэн нь хэн болохыг хэлээд өгөөч гэлээ.Тэр хоёр ч дүрээ эцсийн байдлаар нарийн хуваарилаагүй байсан юм билээ. Та хоёр хуруудаад хэн хожсон нь наад дүрээ ав” гэх ухааны юм хэлдэг юм байна. Тэгж байтал Магнай ах “Би Содном, чи Балданов шүү” гээд л шийдчихсэн. Харин энэ дүрийг яаж Ази, тэр дундаа монголжуу царайтай бага ястан гэдгийг үзэгчдэд хүлээн зөвшөөрүүлэх вэ? Оросоор ярих уу, эсвэл цэвэр Монголоор ярих уу? гэдэг нь гол асуудал байсан. Бүхэл бүтэн 50-60 ангитай кинонд оросоор ярих уу, үгүй юу гэдэг дээр нэг юм бодох хэрэгтэй болсон л доо.
-Киноны зохиол бүхэлдээ орчин үеийн үг хэллэгтэй байгаа нь тухайн цаг үетэйгээ зохицоогүй юм анзаарагдсан?
-Тэгсэн. Үнэхээр тэгсэн. Аргагүй, энэ бол үзэгчдэд анзаарагдаж байгаа. Их орчин үежүү тексттэй атлаа, цаг үе маань 1930-аад оны үйл явдлыг өгүүлж байгаа нь хоорондоо зөрчилдсөн л дөө. Бид тухайн үед хэрэглэгддэг байсан монгол хэлний үгийн сангаас ашиглаж болох байсан. Дээр үеийн кинонуудаас, толь бичгээс, ярианы хэлэнд хэрэглэгддэг сайхан уулга алдалт, текстүүдийг ашиглаж болох л байсан. Гэтэл зохиолч маань ашиглаагүй. “Зохиолын үг хэллэгийг өөрчлөхгүй” гэсэн продюссерийн хатуу шаардлагын доор уран бүтээлээ хийх нь надад хэцүү байсан. Зөвхөн надад ч биш, ер нь кинондоо их хэцүү байсан. Гэхдээ үүнийг жүжигчдийн тоглолтоор зөөллөх, яалт ч үгүй орчин үеийн сонсогдоод байгаа хэсэгт нь гарц хоёр текст оруулах гэх мэтээр аргалсан. Арай л океу гэж ярихгүй байгаа юм. Тиймэрхүү зүйл гарсан, гарсан. Энэ нь киногоо үзэгчдэд хүрэхэд хялбар гэсэн зохиолчийн бодол байсан байх.
-Продюссэр сайн гүрийжээ? Харин та дүрийнхээ үг хэллэг дээр хэрхэн ажилласан бэ?
-Зохиол бүхэлдээ ийм байхад дүрийн тухай асуудал яригдахад хүнд болчихож байгаа юм л даа. Би энэ дүрийнхээ хэл яриа, аялаганд нэлээд анхаарсан. Дүрийнхээ интонацийг монголжсон оросуудаас судалсан. Манайхан местний оросууд гэж ярьдаг даа. Тэдний интонацийг ашигласан юм. Энэ дүрийг Коминтерний төлөөлөгч, Элбэгдорж Ренчиновийн хэв загвар юм уу л гэж хүмүүс харна. Дүрийн мөн чанар нь төгсгөлдөө гардаг даа. Бумхүүтэй хятад гуанзанд хоёулхнаа байхдаа ярьсан яриа, согтоод уйлж байгаа тэр хэсэгт. “Хэрвээ үүнийг хийхгүй бол чи бид хоёр хоёулаа буудуулна” гэдэг үгнээс тухайн цаг үеийн дүр төрх тодорхой харагдаж байгаа. Үнэхээр цаг үе тийм л байсан байхгүй юу. Тэр коминтерн гэдэг ямар том мангас байгаа вэ? Монгол улсыг түшиц бааз болгох гэж байсан талаар кинон дээр тодорхой өгүүлдэг.
-Монголчууд нэг хэсэг Солонгос сериалын урсгалд нөмрүүлээд байлаа. Харин одоо олон ангит Монгол кинонууд төрж байна. Телевизийн олон ангит киноны ирээдүйг та яаж харж байна?
-Ер нь телевизийн олон ангит кино байх хэрэгтэйг цаг үе шаардаж байна. Улс үндэстэн бүхэн өөрийн сериалтай. Бид яагаад хийж болохгүй гэж. Телевизийн сериал нэг ангит киноноос илүү хүнд хурдан хүрч байна ш дээ. Айлын гэрт урилгагүй зочилж, хаалга тогшихгүй орж чадаж байна. “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Амьдралд тавтай морил”, “Сонголт”, “Гэр бүл”, “Чонын алтан шагай” гээд л телевиз болгон сериал хийлээ. Мэдээж алдсан оносон юм байгаа л байх. Гэхдээ Монголчууд өөрсдийнхөө сериалыг өөрсдөө л хийх ёстой.
Ер нь аливаа урлагт барлах, хуулбарлах юм байдаг. Энэ бол аль ч нийгэмд байсаар байсан. Монголын олон ангит кино ийм л цаг үедээ явж байна. “Улаан эрэг” киноны тухайд бол найруулагч нь юмыг бусдаас өөрөөр харах, өөрөөр илэрхийлэх гэсэн нэг чанараа гаргаж чадсан. Солонгос сериал сүүлийн үед гарч байгаа Монгол сериалуудаас шал өөрөө.
-Зохиолч Д.Норовын “Паанаг” зохиолоос сэдэвлэсэн “Ноён солиот”-ын дүр таныг дэлгэцийн уран бүтээлд хэрхэн сайн хөрвөж чадсаныг тодорхойлсон бүтээл гэж би боддог.
-Ноён солиот чинь “Паанаг” өгүүллэгт гардаг мэдрэл муутай атлаа хүн бүрт тусч хөдөөгийн нэгэн залуугийн дүрээс сэдэвлэсэн дүр л дээ. Анх энэ дүр бас л над дээр байгаагүй юм аа.
-Тийм үү. Хэн дээр байсан юм?
-Эрдэнэзаан тоглох байсан юм.
-Одоо тэр дүрийг жүжигчин Эрдэнэзаанаар төсөөлөхөд нэг л буухгүй юм аа?
-Тухайн уран бүтээлч тоглох л байсан. Энэ үед Заанаад ажил гараад нутаг явчихсан юм. Би энэ киноны хоёрдугаар найруулагчаар ажиллаж учраас ерөнхий найруулагч Бат-Өлзий ахын тушаалаар тоглох болчихсон юм. Зохиолоо ерөнхийд нь мэдэж байсан учраас зураг авалтанд ямар ч бэлтгэлгүй орсон. Магадгүй энэ нь ч зөв байсан байх гэж одоо боддог. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг бэлтгэлгүй ч гэсэн гайгүй л тоглосон.
-Галзуугийн эмнэлгийг хэн нэгнийг нухчин дарах арга хэрэгсэл болгож үзүүлсэн кино нэгээр тогтохгүй байх юм. Энэ бодитой арга уу? Таны дүрийн судалгаанд ийм зүйл ажиглагдсан уу?
-“Ноён солиот” дээр ажиллахаас өмнө нь би Оросын зохиолч А.С Грибоедовын “Ухаантайн зовлон” гэж зохиолыг уншиж байсан. Тэндээс би үүнийг олж харсан л даа. Аль ч нийгэмд ийм юм байдаг юм байна. Эмнэлэгт хэвтүүлдэггүй юм аа гэхэд мэссэжээр бор шувуу нисгээд, түүнийг солиотой болгочих жишээтэй. Хувийн амьдрал руу нь ордог. Ор хөнжлийг нь сөхдөг ийм юм байдаг юм билээ. Монголчууд бид азарга гүүгээ гишгэж байхад тэр асуудлыг ярьдаггүй л биз дээ. Энэ чинь байгалийн жам ёсны л асуудал. Гэтэл хувь хүний асуудлыг болохоор сенсаци болгож, өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэхийн тулд ийм арга хэрэглэх зэрэгт манай нийгэм их мэргэшиж байсан юм шиг ээ. Зөвхөн урлагт төдийгүй өөр байдлаар ч ийм хэлмэгдүүлэлт хаа сайгүй харагддаг. Энэ юунаас үүддэг вэ гэхээр ерөөсөө хүний амиа хоохойлсон үзэл, бусдыг өөрөөсөө дээр гаргахгүй гэсэн арга.
-Тэгэхээр та ийм арга аль ч цаг үед байсан гэж хэлж байна уу?
-Тиймээ, тэгж хэлж байна.
-Та тооноороо гардаг байсан юм уу?
-Гардаг л байсан. Гол нь ээж аав цоожилчихоод явдаг байхгүй юу? Энэ бол шинэ юманд хүрэх гэсэн тэмцэл, сониуч зан, хүсэл эрмэлзэл юм л даа. Жанибеков гэж сансрын нисэгч хэлсэн байдаг “Сониуч зан хүнийг юманд хүргэдэг” гэж. Энэ үгийг би багадаа мөрдлөг болгодог байлаа. Уран бүтээлчийн энэ чөлөөт байдал нийгэмтэй зөрчилдөөд эхэлдэг. Тухайн нийгмийн үзэл сурталтай л зөрчилдөнө ш дээ.
-Жишээ нь одоо та юутай зөрчилдөөд байна?
-Энийг дараа нь ярья. Би энэ цаг үедээ л жүжиглэнэ. Энэ цаг үедээ л тайзан дээр амьдарна. Энэ цаг үед шүү!!! Намайг бурхан болсны дараа Бямбацогт гэдэг жүжигчний тайзан дээрх амьд харьцааг дараагийн үе үзэхгүй л байхгүй юу. Товчхон хэлэхэд нийгэм тухайн уран бүтээлчийн нөөц бололцоо, ур чадвар бүх юмыг бүрэн ашиглах тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой. Зах зээлийн өнөөгийн нийгэмд менежмент маркетингийн асуудлыг шийдэхгүйгээр цааш явах боломжгүй. Гэтэл манай Монголд хувийн менежертэй нэг ч уран бүтээлч алга. Ямар ч алдар цолтой хүн байсан бүгд өөрсдөө гэрээ хийгээд гүйж явах жишээтэй. Өөрөө өөрсдийгөө рекламдах маягтай. Миний совесть үүнийг зөвшөөрдөггүй юм аа. Би үзсэн.
-Ийм байх гэж үү?
-Тийм. Зөндөө л хамтлаг байгууллаа. Бага тайзны хувийн театр ч байгуулж үзлээ. Үзэгчид үзэх байх гэхээр бүгд талхны хойноос явж байсан. Урлагийг үнэлэх үнэлэмж нь нийгэмд уначихсан үед би “Наашаа ирээч ээ” гэж даллаад ямар ч хэрэгцээгүй байхгүй юу. 1990-ээд он, хоёр зууны зааг чинь тийм л байсан ш дээ. Тэр үед би цагийн юм цагтаа гэдгийг ойлгосон. Харин хийх юм аа хаана ч байсан хийх л хэрэгтэй. Энд ч гэсэн хийж л байна. Энэ маань хэзээ задарч, хэзээ хүнд юм болж очихыг хэн ч хэлж мэдэхгүй. Одоо бол өөрт байгаа баахан юмаа найруулаад л, холиод сууж байна даа. Манай аав ”Миний хүүгийн толгойдохыг хэн ч авч чадахгүй” гэж хэлдэг байсан юм. Би энэ үгэнд итгэдэг. Мэдээж цаг хугацаа намайг хүлээхгүй. Өдөр өдрөөр нэг үс бууралтаж, нүүр минь үрчлээтнэ. Үрчлээтээд, бууралтсан ч би үнэ цэнээ алдахгүйг хүсдэг.
-Та яагаад театрын тайзнаас холдчихсон юм бэ? Түрүүчийн таны хэлсэн энэ цаг үедээ л тайзан дээр амьдрахгүй юм бол дараагийн үе намайг үзэж чадахгүй гэдэгтэй чинь зөрчилдөөд байна шүү дээ?
-Яахав дээ. Надад бие дааж уран бүтээл хийх нь, чөлөөт байх нь илүү эрхэм байсан. Театрыг би муу хэлэхгүй ээ. Миний монголын өнөөдрийн теарт бол миний л монголын театр. Энэ дотор сайн ч юм байна, саар ч юм байгаа. Гэхдээ театр маань үнэхээр үзэгчдийг байлдан дагуулаасай, энэ цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаасай, үзэгчдийнхээ сэтгэлгээнээс түрүүлээсэй. Шинэ залуу хүүхдүүдийг араасаа дагуулж, тэдэнд юм өгч байгаасай л гэж хүсдэг. Тавигдаж байгаа бүтээлийн агуулга хэлбэрийг би авч хэлэлцэхгүй ээ. Тэр ямар ч байж болно. Шоу нь байна уу, ямар байна хамаагүй. Өнөөдөр жүжиг шоу болж байна гэж янз бүрээр л хэлж байна. Тэр яриад байгаа хүмүүс нь жүжгээ тавиг л дээ. Харин үнэн чанартаа бол театрын уран бүтээлчид бүгд л чиний хэлдгээр бор зүрхээрээ явдаг хүмүүс. Нэг сайхан чанар нь тэд бусдын төлөө өөрийгөө золиосолж дүр бүтээдэг. Тэд оргүй хоосноос дүр бий болгож хүмүүсийн сэтгэлд тэр дүрийг үлдээдэг. Өнөөдөр Цэвээнжав гуай гэж хүн байсан. Галзуу Бумаа гэж хүн байгаагүй л байхгүй юу. Ингэж дүр болж үлдэж байгаа нь гайхамшиг.
-Театр гэдэг том нэртэй, өндөр босготой айл гэж үеийн үед ярьсаар байгаад залуу уран бүтээлч тэр төв рүү нэвтрэхэд хаалт болоод байдаг юм биш үү?
-Манай театр үнэндээ бол алтан малгай өмсчихөөд, доогуураа шалдан зогсож байгаа хаан шиг л байна. Уг нь театр гэдэг бол сүртэй том ордон биш. Театрын уран бүтээлчид гэж гайхамшигтай бурхан шиг ид шидтэй хүмүүс биш шүү дээ. Өнөөдрийн театрын тухай ярихад хангалтгүй байна. Юу нь хангалтгүй гэхээр Улаанбаатар хот ганцхан театртай. Энэ олон урлагийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжлийн ажлын байр байхгүй. Уг нь бол театрын гол юм нь амь байхгүй юу. Маш олон уран бүтээлч нийлж байж нэг амь бий болгодог. Уран бүтээлээрээ дүр төрхийг бүтээдэг. Түүнээс дан ягаан байшинг театр гэхгүй. Түүн дотор уран бүтээлчид л байх ёстой.
-Та театрын жүжигчнээс чөлөөт уран бүтээлч болсон. Чөлөөт уран бүтээлчийн менежмент тусгай жортой юу?
-Зах зээл рүү гарах менежментээ өөрөө л хийнэ гэсэн үг. Би ярилцлага өгөх үү, үгүй юу. Одоо ямар дүр авах вэ? гээд бодох л асуудал. Яг адилхан дүр санал болговол би авахгүй ш дээ. Өчигдөр би сохор хүнд тоглосон бол өнөөдөр дүлий хүнд тогломоор байна.
-Тэгэхээр та өөрийгөө нэг тавцан дээр тавиад олон нийтэд санал болгож, арилжиж байна гэсэн үг үү?
-Ээ дээ. Яг тийм. Яалт ч үгүй тэгдэг. Дэлгүүрт байдаг бараа шиг л гэсэн үг шүү дээ.
-Уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмжийн тухай ярихгүй өнгөрч боломгүй санагдлаа. Олон ангит киноны баг уран бүтээлчийг яаж үнэлж байна. Нэг ангитай кино бол өөр хэрэг байх. Ер нь уран бүтээлчид найзан дундаа, гуйлгын маягаар ажлаа явуулдаг юм шиг санагддаг. Та энэ хөдөлмөрөөрөө хүссэн хэмжээнийхээ орлогыг олж чаддаг уу?
-Чадахгүй. Үнэхээр хүссэн хэмжээнийхээ мөнгийг авч чадахгүй.
-Хүсвэл яах вэ? “Би ийм л үнээр тоглоно” гээд хатуу байр суурьтай зогсвол?
-Өгч чадахгүй.
-Тэгээд дундаа орчихдог юм уу?
-Үгүй л дээ. Одоо бол өгч чадвал тоглоно, чадахгүй бол тоглохгүй. Ийм л болж байна. Найзан дундаа зөндөө л явлаа. Одоо бол үгүй. Үгүй гэлээ гээд миний авъяас зэврээд авдрын ёроолд хэвтвэл хувь заяа минь л тэр биз. Хатуу үнэн бол энэ. Гэхдээ найзан дундаа хангалттай явсныг хэн хүнгүй мэднэ дээ. Нийгэм урлагийн нөлөөллийг хэзээ мэдэрнэ тэр цагтаа л үнэлэмж нэмэгдэх байх. Түүнээс биш “Намайг үнэлээч ээ” гэж хашгираад яах юм. Тэгснээс би хийж байгаа юмаараа л үнэлгээнд орох ёстой. Энэ нь миний ур чадварыг үнэлэх асуудал. Миний хуримтлуулсан туршлага, авъяас чадвар гэж бодож байгаа. Би мэдрэмжээрээ, сэтгэлээрээ л бүх ажлаа хийдэг нь. Эндээс миний карьер эхэлсэн. Тэгээд л олны хараанд өртөнө. Энэ архи ууж явна. Хүүхэнтэй явж байна гээд л асуудлууд үүснэ шүү дээ.
-Та архи уудаг юм уу?
-Ууна ш дээ. Гэхдээ сүүлийн үед уух сонирхол бага болсон. Урд нь уугаад, найз нөхөдтэйгөө юм ярьж кайф авдаг байлаа. Харин одоо бол уухаас илүү бусдаар юм хийх юмсан гэж боддог болж. Залуучуудаа дэмжмээр байна.
-Та жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй, юу хийж чаддаг хүн болох байсан бэ?
-Би жүжигчин болоогүй бол төмөр замын инженер байх байсан. 1985 онд 10-р анги төгсөөд хүссэн сургуулиа авч чадаагүй. Тухайн үед УБДС-ийн кино драмын анги жил өнжөөд элсэлт авдаг байсан. Тэр жил нь би төгсөж таарлаа. Тамирын ангид орж байгаад жүжигчний анги руу шилжих төлөвлөгөөтэй байсан чинь бас болоогүй. Тэгээд их сургуулийн инженер техникийн бэлтгэлийн ангид шалгалт өглөө. Мэдээж, тоо сонирхдоггүй хүүхэд шалгалтандаа унана биз дээ. Харин ахаараа хаалгадуулж байгаад Төмөр замын техникумд орчихсон.
-Тэгээд яаж жүжигчин болсон юм?
-Тэнд нэг жил сураад, хаврын шалгалт эхэлж байтал цэргийн зарлан ирлээ. Техникийн механик, металл, технологи ч гэх шиг хүнд хүнд шалгалтуудаасаа сүрдээд, шууд нэр төртэй цэрэгт явсан нь дээр гэж шийдсэн. Харин цэргээс халагдах жилээ элсэлтийн шалгалт өгөхийн тулд барилгын цэргийн 0119-р ангиас оргож билээ. Эхний шатандаа цэрэг хувцастайгаа орсон гээд л бодчих. Цэргээс оргосон хүн шалгалтандаа тэнцээд, томилолтоо аваад очиход Санпүрэв гэж манай штабын дарга намайг их зөвөөр хүлээж авсан. Тухайн үед оргодлын асуудал ноцтой л яригдах байсан байх. Харин азаар “10-р анги төгсөөд цэрэгт явсан хүн цэргээс конкурс өгч болно” гэсэн Боловсролын яамны тогтоол гарсан байсантай таарсан шүү. Цэргийн амьдрал надад их юм өгсөн. Цэргээс би шалгалт өгч, мэргэжлийн жүжигчин болсон. Оюун санаа, сэтгэлгээний хувьд ч намайг төрөл арилжуулсан гэж боддог юм.
-Оюутны ангийнхан тань бүгд л алдартай уран бүтээлчид болж дээ?
-Тийм ээ. Оюундарь, Дэмидбаатар, Өлзийхүү Хүрлээ тэргүүтэй ангийнхнаараа бахархдаг шүү. Бид чинь 13-уулаа талийгаач Доржсамбуу багшийн шавь болж байсан.
– Та хэдэн хүүхэдтэй вэ, хэр сайн аав бэ?
-Би муу аав биш ээ. Манайх хүү, охин хоёртой. Ер нь би хүүхдээ ямар ч тохиодолд биеийг нь даалгахыг л чухалчилдаг. Охин маань гадаадад, хүү маань Монголдоо сурдаг. Хүүхдүүд маань том болсон. Одоогоор нялх хүүхэд алга.
-Ойрын төлөвлөгөөнд байгаа юу?
-Тийм. Урлагийн төлөө амьдралаа их хаясан байна. Одоо жаахан амьдралаа бодно оо. Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг бол би урлагийг засчихаад гэрээ засаад, үхэхийнхээ алдад биеэ засах байх даа.
-Сүүлчийн асуулт. Танд хувийн бизнес байдаг уу? Зарим уран бүтээлч дэлгүүр, лангуу ажиллуулдаг гэх ч юм уу, иймэрхүү хариулт өгдөг юм.
-Байгаа гэхэд хэцүү, байхгүй гэхэд хэцүү. Би хүн л юм чинь бусадтай адил машин унаад аятайхан юм эдэлж хэрэглэхийг хүснэ. Тэгж байж л олны танил хүн гэж хүлээн зөвшөөрөгдөнө үү гэхээс навсайгаад явж байвал сайхан үлгэр дуурайл болохгүй л байх. Гэхдээ амьдрал юм чинь би өмдөө ч өмсөнө, талхаа ч иднэ. Харин өмд нь уранхай, хиртэй байж болохгүй.
Сонирхолтой яриа өрнүүсэн танд баярлалаа.
Ю.Шүрэнцэцэг