Найруулагч: Марк Эндрьюс
Зохиолыг бичсэн: Брэнда Чэпмэн
Гол дүрд: Кэлли Макдональд, Эмма Томпсон
Хөгжмийн зохиолч: Патрик Доёли
Студи: “Pixar”
Нээлтээ хийсэн огноо: 2012 оны зургадугаар сарын 22
Үргэлжлэх хугацаа: 93 минут
Төсөв: 185 сая ам.доллар
Ашиг: 313 сая ам.доллар
Шотландын Дунброк овгийн хаан Фөргүс өөрийн ууган охин Мэридад төрсөн өдрөөр нь нум, сум бэлэглэнэ. Энэ бол түүний амьдралын утга учир болох нандин эд байлаа. Гэвч шаргал үст охин зөрүүд, өөрийн дураар байхыг хүсдэг, эрх чөлөөтэй нэгэн болж өсөж өндийнө. Ээж нь охиноо гүнж шиг байхыг шаардаж, өдөр тутмын үйл хөдлөлийг нь цэгнэх нь охинд ял мэт санагдаж, шидэт эмгэн шулмаас ээжийгээ өөрчлөхийг хүснэ.
Гэвч тэр ээжийнхээ хандлагыг л өөрчлөхийг хүссэн болохоос баавгай болчихно гэж санасангүй. Аав нь баавгайн ан хийж, өшөөгөө авахыг насан туршдаа бодож яваа. Улмаар эхнэр нь баавгай болчихсонд үл итгэн, харин ч алахыг завдах болов. Мэрида хараалыг хариулж, өөрийнхөө эхийг үхлийн савраас мулталж чадах уу?
Энэ асуултын хариуг та “Эрэлхэг гүнж”-ээс олоорой. “Pixar”-ын бас нэгэн гайхамшиг, 3D, уран зөгнөлт, адал явдалт төрлийн эл кино “Dolby Atmos” дууны дуугаралтын шинэ технологийг ашигласан анхны энимэйшн болов. Гэвч киноны үйл явдал “Ах дүү баавгай” киноны үндсэн агуулгатай утга санааны хувьд төстэй мэт болсон тал бий.
Харин ээж, охидын харилцааны нарийн утсыг тун энгийнээр хөндөж, гайхалтай гаргалгаанд хүрсэн нь сайн мэдээ байлаа. Шүүмжлэгчид энэ кинонд 10-аас 6.9 оноо өгсөн бөгөөд хүүхдүүдэд бол хангалттай, харин эцэг эхчүүд “Pixar”-ын дахин өөр гайхамшгийг хүлээх болж дээ хэмээн бичицгээжээ.
Г.Хүслэн